Эрүүл мэндийн мобайл технологийн төсөл Эрдэнэцагаан суманд хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-29 13:25:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх нь” төсөл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд суманд хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдэд төслийн үр дүнгийн талаар танилцууллаа. Улмаар уг төслийг аймгийн алслагдсан сумд, аймгийн төвийн хөдөөгийн багт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Төслийн хүрээнд Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв  30 гаруй  сая төгрөгийн өртөг бүхий анхан шатны үзлэг шинжилгээний зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэг болон элэгний вирус илрүүлэх, цусан дахь сахар, холестрин тодорхойлох, ходоодны хеликобактер, ДОХ/ БЗДХ илрүүлэх багагж, тоног төхөөрөмжөөр хангагдажээ. Цаашлаад зөөврийн багаж хэрэгслээр олон төрлийн үзлэг шинжилгээнүүдийг газар дээр нь хийх бүрэн боломжтой болсон бөгөөд шинжилгээний хариу шууд газар дээрээ гарч шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
“Төслийн хамгийн гол ач холбогдол бол алслагдсан хөдөөгийн айл өрхүүдэд  эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг явуулын болон гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээтэй хослуулж үзүүлэх явдал юм. Эрдэнэцагаан суманд энэхүү төсөл хэрэгжинэ гэдэг маань тус сумын ард иргэдийн эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Мөн нөгөө талаараа тухайн сумын ард иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэнэ. Энэ бол сум орон нутгийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ажил юм...” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д. Оюунгэрэл хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн дэмжлэгтэй Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх нь” төсөл 2017 онд Монгол Улсын зургаан аймаг, хоёр дүүрэгт хэрэгжинэ. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгохдоо хүн амын нягтаршил, газар зүйн байршил, амьдралын түвшин зэргийг харгалзан үзжээ. Улмаар тус аймгийн Эрдэнэцагаан сум төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон байна. 
Эрдэнэцагаан сум нь аймгийн төвөөс 220 километрт байрладаг. Байнгын 6000, явуулын 1500 хүн амтай. Сумын эрүүл мэндийн төв 8000 орчим хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. “ Бид сумынхаа хүн бүрт хүрч үйлчилж чаддаггүй. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан хүн ам болоод явуулын иргэдээ бүгдийг нь үзлэг, шинжилгээнд хамруулах боломжтой болсон. Ингэснээрээ эмнэлгийн маань үйлчилгээ чанар дээшилнэ, сумын хэмжээнд өвчлөл буурна гэж үзэж байгаа. Мөн хоёрлугааршатлалын эмнэлэгрүү явах иргэдийн тоо цөөрч, тэндэх ачааллыг ч хөнгөвчилж байна гэсэн үг...” хэмээн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б. Болортуяа хэллээ.
Энэ төсөл нь анх 2016 онд Өмнөговь аймгийн гурван сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт маш амжилттай хэрэгжжээ.  
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ