Н.Моди: Энэтхэг улс 2022 гэхэд хүчирхэг гүрэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-27 22:38:09
ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Эдийн засгаа өндөр хувиар өсгөж, ирэх таван жилийн дотор улсаа хүчирхэг гүрэн болгохыг зорьж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

Н.Моди засгийн эрхэнд гарснаас хойш яг гурван жилийн дараа буюу баасан гарагт улсынхаа зүүн хойд нутгийн Ассам мужийн иргэдэд хандан үг хэлэх үеэрээ ийм зорилт тавьснаа мэдэгдсэн байна.

Татвараас зайлсхийж, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байгааг зогсоохын тулд “том” мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэрийг өнгөрсөн онд гаргаснаа Ерөнхий сайд Н.Моди ярьсан байна.

Тэрбээр хэлэхдээ “өнгөрсөн хугацаанд ард иргэд Энэтхэгийг өөрчлөх итгэл найдвараа алдсан байсан. Гэхдээ манай Засгийн газрын хэрэгжүүлж буй авлигыг устгаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн дотор Энэтхэгийн хүн амын 70 орчим хувийг эзэлдэг тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө үр дүнгээ өгч байна” гэжээ.

“Энэтхэгчүүд мөрөөдлөө биелүүлэхэд ойртож байна. Бид эдийн засгаа өндөр хувиар өсгөж, 2022 он гэхэд “Их-7” бүлгийн гишүүн улс орнуудтай өрсөлдөхүйц “шинэ Энэтхэг”-ийг бий болгох болно" гэж тэрбээр хэлжээ.


Н.Моди засгийн газрыг удирдаж эхэлснээс хойш Энэтхэгийн эдийн засаг 7-гоос багагүй хувиар өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортойгоор нэмэгдсээр байгаа юм.


Азийн эдийн засгийн удирдагч гэгдэж буй Хятад улсын байр суурийг “булаан авах”-аар Н.Модигийн Засгийн газар төлөвлөж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ