М.Энхболд: Монголчуудын амьдралд ахиц, дэвшил гаргахын төлөө ялалт байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-27 09:41:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүслээ.

Энэ үеэр нэр дэвшигч М.Энхболд, “МАН надад их итгэл найдвар, даалгавар, хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн. Би энэ сонгуульд хуулийн дагуу, шударга өрсөлдөж, ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ удаагийн сонгууль бол Монгол орны уруудсан, доройтсон, хагарсан, хямарсан байдалд цэг тавих сонголт юм. Үүний зэрэгцээгээр Монголын ард түмний эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно. Энэ шинэ зам дээр гарахын тулд унах хүлэг, хүрэх зам, зорилтоо тодорхойлох ёстой. Би сайн хүлгийг үндэсний эв нэгдэл гэж харж байна. Монголчууд эвтэй байхдаа эх орноо хөгжүүлж, аж амьдралаа дээшлүүлж, тусгаар тогтнолоо улам бүр баталгаажуулж ирсэн түүхтэй. Бид эе эвдэрч явсан үедээ эрч хүч, ухаан дутаж байсан гашуун сургамжтай. Үүнийг бид ямагт санаж байх ёстой. Өнгөрсөн он жилүүдийн алдаатай бодлого, хайхрамжгүй хандлагын улмаас улс орны эдийн засаг ямар байдалд орсон бэ гэдгийг бид сайн мэдэж байгаа. Бид гаднаас дэмжлэг хүсэх, татвар нэмэх, нийгмийн халамжаа багасгах, хөрөнгө оруулалтаа бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй болсон. Манай ард түмэн ухаантай. Дээрх арга хэмжээний үр дүнд сайн сайхан цаг ирнэ гэдгийг ойлгож байгаа. Сайн цагийг аль болох богино хугацаанд авч ирэх, монголчуудынхаа амьдрал, ажилд нь ахиц, дэвшил гаргахын төлөө бид энэ сонгуульд ялалт байгуулах ёстой. Монголын ард түмэн 10 сарын өмнө бидэнд их итгэл хүлээлгэсэн. Энэ итгэл найдварын ард байгаа том даалгаврыг бүрэн биелүүлэхийн төлөө би өрсөлдөж байна. Бид нэгдмэл байр суурьтай, нэг улс болохын төлөө ажиллах болно.

Миний зүгээс МАХН болон АН-аас нэр дэвшиж буй хоёр эрхэмд хандаж, сонгуульд гүтгэлэггүйгээр, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан захидал бичсэн. Энэ захидлыг нэр дэвшигчид маань хүндэтгэн хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

СЕХ-ны гадна талбайд МАН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа. Нэр дэвшигч үнэмлэхээ авсныхаа дараа гишүүддээ хандаж сонгуульд ялалт байгуулж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгээ хэлсэн юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ