Камерын тусламжтайгаар хулгайн хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-25 15:10:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг супер маркетад хулгайч оржээ. Харин дэлгүүрт дүрс таних өндөр чадвартай, шаардлага хангасан IP камер байрлуулсан байсан тул  хулгай хийсэн этгээдийг илрүүлсэн аж.

Энэ хэрэг 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гарсан бөгөөд дуудлагын дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаг алдалгүй түргэн шуурхай арга хэмжээ авснаар өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж прокурорын шатанд шалгуулж буй “Б” гэгч үйлдсэн болохыг тогтоож, алдагдсан эд зүйлийг үрэгдүүлэхээс өмнө хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Гэмт этгээд  дэлгүүрээс “Acer” брэндийн хар өнгийн хоёр ширхэг нөүтбүүк компьютер, 126 ширхэг хайрцаг тамхи хулгайлсан аж. Тухайн хэргийг илрүүлэхээр ажилласан Цагдаагийн газрын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэрэг илрүүлэхэд  дэлгүүрийн камер ихээхэн нөлөөлсөн гэдгийг онцлон дурджээ.
Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдэд хандаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны нэгдүгээр сарын 07-ны 06 тоот тогтоолын дагуу өөрсдийн эд хөрөнгө, аюулгүй байдлаа хангахдаа чанарын шаардлага хангасан телекамер суурилуулж, гэмт халдлагад өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Д.Одонтунгалаг



Холбоотой мэдээ