Boeing, Airbus онгоцуудыг худалдаж авах Ираны захиалгыг хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-25 10:21:07
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Сангийн яам Америкийн Boeing болон Европын Airbus онгоцыг худалдаж авах талаар Ираны ирүүлсэн захиалгыг хянан судалж байна. Энэ тухай лхагва гарагт Сангийн сайд Стивен Мнучин АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын хорооны хуралдаанд оролцон үг хэлэхдээ мэдэгджээ.

“Boeing”,  “Airbus”-ыг худалдан авах тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардлагатай, ийм учраас хэлцлийг хянан хэлэлцэж байна” гэдгийг сайд онцлон дурджээ. Вашингтоны засаг захиргаа Ираны талаарх бодлогоо эргэн хянаж байгаа юм.

Сангийн яам нь иргэний агаарын тээврийн нисэх онгоцуудыг Иранд экспортлох хэлцлийг хийх тусгай зөвшөөрлийг олгох ёстой ажээ. Ийм тусгай зөвшөөрөл АНУ-д болон Америкийн оролцоотойгоор бусад орнуудад үйлдвэрлэсэн нисэх онгоцуудад хамаардаг аж.

Өнгөрсөн оны 6 дугаар сард Иран улс “Boeing” компанид нийт 25 тэрбум долларын үнэ бүхий 100 нисэх онгоц захиалсан нь тодорхой болсон юм. Мөн 118 зорчигч тээврийн онгоцыг Америкийн компанийн гол өрсөлдөгч болох Европын “Airbus” концернд захиалжээ. Энэ хэлцлийн мөнгөн дүн 22 тэрбум доллароор хэмжигдэж байна. 

9 дүгээр сард АНУ-ын Сангийн яам Иранд  "БОИНГ" онгоцнуудын эхний хэсгийг экспортлох тусгай зөвшөөрлийг олгож эхэлжээ. Харин АНУ-ын шинэ засаг захиргаа энэ үйл явцыг түр зогсоож, худалдан авах хэлцлийг хянан үзэхээр шийдвэрлэсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг Вена хотод 2015 оны 7 дугаар сарын 14-нд баталжээ. Ингэснээр тус улс цөмийн хөтөлбөрөө олон улсын хяналтанд оруулах үүрэг хүлээсэн юм. 2016 оны 1 дүгээр сарын 16-нд хэлцлийг хэрэгжүүлж эхэлснийг зарласнаар Вашингтоны засаг захиргаа Ираны эсрэг авсан хоригоо цуцалжээ.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ