Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дахь салбарыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-22 16:56:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо нь 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Хэнтий аймагт мөн энэ ондоо салбараа нээжээ.

Холбоо нь хөдөө орон нутагт, нийслэл, дүүрэгт нийт 43 салбар, 1400 гаруй хуульч гишүүдийг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн ажилласаар байгаагаас Хэнтий аймагт нийт 25 хуульч эмэгтэйчүүдээс бүрдсэн салбар зөвлөлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Тус холбоо нь бие даасан байгууллага болохынхоо хувьд хүн төрөлхтний түүх, соёлын өв уламжлалыг дээдлэн хүндэтгэж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туслах, Монгол улсад хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм байгуулах, эрх зүйт төр, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж чадахуйц ашгийн бус, улс төрийн нам, хүчнээс хараат бус, төвийг сахисан, нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн холбоо юм.

Холбооны гишүүн төрөл бүрийн салбарын хуульч эмэгтэйчүүд төлбөрийн чадваргүй олон мянган иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө туслалцаа үзүүлж, нийгмийн амьдралд нэн тулгамдсан асуудлуудаар хуулийн хэрэгжилтэд улс орны хэмжээнд судалгаа явуулж, түүндээ үндэслэн шинэ хуулийн төслүүд болон хуулийн өөрчлөлт санаачлан боловсруулж батлуулах, тэдгээрийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг зөв зохистой хангуулах чиглэлээр нөр их ажлыг үр дүнтэй хийж байна.
          Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ