“Тэмүүлэл” хүүхдийн урлагийн наадам, өдөрлөг зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-22 09:03:11
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагийн амьдралд ойртуулах, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангах зорилготой Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Тэмүүлэл” урлагийн наадам 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэхүү наадмыг Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Зөвлөх поликлиникийн Сувилахуйн баг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хэрлэн 4 дүгээр сургуулийн багш Л.Эрийнтовч, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон ивээн тэтгэж, оролцсон байна.
 
Наадамд Дадал, Батноров, Баян-Адрага, Галшар, Жаргалтхаан, Бэрх, Баян-Овоо, Дэлгэрхаан, Хэрлэн сумаас 3-11, 12-18 насны нийт 120 гаруй хүүхэд дуу, шүлэг, бүжгийн төрлөөр оролцлоо. Хэрлэн сумаас оролцсон хүүхдүүдэд аймаг, сумдаас сонгогдсон хурлын төлөөлөгчид гарын бэлэг гардуулсан бол, нийт оролцсон хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Д.Гантулгын ивээн тэтгэсэн гарын бэлэг гардуулсан байна.

Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх поликлиникийн Сувилахуйн багийн хамт олон  байгууллагадаа хандивын аян санаачилж, хандиваар цугласан 300.000 гаруй мянган төгрөгөөр  памперс, витамин авч,  өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд гардуулан өгчээ. 

Арга хэмжээний төгсгөлд хөдөө сумдаас хүрэлцэн ирсэн болон урлагийн наадамд оролцсон 60 хүүхдэд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөрийн хамт олны санхүүжилтээр хүндэтгэлийн зоог барьжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ