С.Нямдаваа: Төсвийн зардал тэрбум гаруй төгрөгөөр буурч батлагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-22 08:58:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваагаас аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэж баталсан аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотголын талаар мэдээлэл авлаа. 
 

Хэнтий аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт “Зөрчилгүй” гэж гарсан тул хуулийн дагуу аймгийн ИТХ-аар хэлэлцэж баталжээ. Тус аймаг өнгөрсөн онд төсвийн гүйцэтгэлээр 56.8 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулсан байна.  
УИХ-аар батлагдсан төсвийн тодотголоор орон нутгийн төсвийн санхүүгийн дэмжлэг 1.4 сая, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт 905 сая, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын санхүүжилт 27.7 сая төгрөгөөр тус тус буурч батлагджээ. Иймээс тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс төсвийн тодотголоор 686.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоог гарган, аймгийн ИТХ-аар танилцуулсан байна.

Энэ удаагийн төсвийн тодотголоор байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчинтэй тэмцэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын нөөц санг 126 сая, аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг 20 сая, аймгийн ЗДТГ-ын мэдээлэл технологийн үйлчилгээний зардлыг 11.8 сая, орон нутгийн татварын орлогыг 286 сая төгрөгөөр нэмэгдүүлж тусгажээ.

2016 оны төрийн сангийн болон тусгай сангийн үлдэгдлүүдийг бүрэн дайчлан оны эхэнд батлагдсан хөрөнгө оруулалтуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Тус аймгийн БОАЖГ өөр байранд шилжин ажиллахтай холбогдуулан үйл ажиллагаанд шаардагдах тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлж тусгасан байна. Мөн орон нутгийн замын сангийн оны эхний үлдэгдэл болон бусад сангуудын орлогоос 89.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэжээ.

Монгол Улс Олон улсын валютын сангийн шугамаар Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан Сангийн яамнаас орон нутгийн төсвийн тодотголыг хэлэлцэхэд зайлшгүй баримтлах шаардлагуудыг ирүүлсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албадын 2 хүн өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд 1 хүнийг нөхөн томилох, бусад салбарт нөхөн томилгоо хийхгүй байх чиглэл иржээ. Мөн Концессын гэрээгээр хийхээр шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг 2017 онд бүрэн хэмжээгээр Аудитын байгууллагаар шалгуулж, хэвийн үргэлжилж байна гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд санхүүжилтийг үргэлжлүүлэх зэрэг тусгай шаардлагууд ирснийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.

Төрийн үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй байлгахын тулд тодорхой эх үүсвэрүүд, нөөц бололцоогоо бүрэн хэмжээгээр дайчлан шаардагдах зардлуудыг санхүүжүүлж байгаа учраас ард иргэдэд хүндрэл учрахгүй хэмээн албаны хүн ярьлаа.
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ