Хорих ангийн хүмүүжигчид өдөрт 70-80 гутал, цүнх, тэлээ үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-20 15:37:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Н.Учрал хорих ангиудад ажиллажээ. 

Тэрбээр чанга дэглэмтэй Хорих 409 дүгээр ангид очиж, ирэх намар ашиглалтад оруулах барилгын ажил, ажлын гүйцэтгэлтэй танилцан, ангийн харъяа “Газар ивээл” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Гутлын үйлдвэрээр оржээ. Ялтнууд уг үйлдвэрт ажиллаж, өдөрт 70-80, жилдээ 20 мянган гутал, цүнх, тэлээ үйлдвэрлэдэг байна. Таван төрлийн цэвэр арьсан гутлыг борлуулах чиглэлээр ирэх зургаадугаар сард аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт хийхээр төлөвлөснөө Н.Учрал гишүүнд үйлдвэрийн захирал танилцуулжээ. Үйлдвэрээ шинэ байранд оруулснаар хүчин чадлаа нэмэгдүүлж, манай улсын хүчний байгууллагуудын албан хаагчдыг чанартай гутлаар хангах хэмжээний чадавхитай болох боломжтой аж. Мөн гар урлалын үйлдвэрлэлийг ялтнууд хөгжүүлдэг бөгөөд эсгий углааш, зүү ороох оёдлоор урласан хөөрөгний даалин зэргийг уралдаг аж.

Мөн тэрбээр Урьдчилан хорих 461 дүгээр ангид ажиллаж, тус ангийн харъяа Нэгдсэн эмнэлэг, цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцсан байна.
Н.Туяа

Холбоотой мэдээ