Монголын залууст зориулсан анхны бие даасан хууль батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-18 17:17:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Монголын залуус анх удаа бие даасан хуультай болов.

Шинээр батлагдан гарч буй уг хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус санд нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах боломжтой бөгөөд үүгээр шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлж байв. Мөн тэрбээр хуулийн төсөл боловсруулах явцад 27300 залуусаас судалгаа авснаа тодотгоод 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай байдаг гэсэн хариулт өгсөн гэлээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих боломжтой бөгөөд ингэхдээ Даатгалын хуультай уялдуулж, төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллана гэж салбарын сайд нь хэлж байв. Мөн судалгаанд оролцсон залуусын 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна гэж хариулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Монголын залууст зориулсан бие даасан хууль гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хүн амын 35.5 хувийг эзэлдэг 15-34 насны залуусын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг хуульчлан тодорхойлж байгааг сайшааж байлаа. 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал "Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил" гэв.  

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувийн саналаар хуулийг баталсан юм. Залуусын хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ.

Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд Монгол залуусын эрхэмлэх зүйлийг:
  • Эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх 
  • Нийтэд тустай санй дурын ажилд манлайлан оролцох
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох
  • Амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх
  • Хэвлэл мэдээлэл, цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх
  • Эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх гэж хуульчиллаа.
Нийт 7 бүлэг, 24 зүйлтэй хууль залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгав. 
  • Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
  • Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
  • Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
  • Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
  • Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
  • Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
  • Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,  
  • Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно.

Мөн залуучуудыг дэмжихэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замаар тэднийг орлого байлгах нь бие даан амьдрах, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байхаас гадна бусад тулгамдсан асуудал болох орон сууцтай болох, сурч боловсрох нөхцөлүүд хангагдах боломжтой юм. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Холбоотой мэдээ