Прокурорууд спортын 5 төрлөөр өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-17 17:39:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулжээ.
Зав чөлөө тэр бүр байдаггүй, ширээний ард суух цаг нь их байдаг прокуроруудынхаа эрүүл мэндэд анхаарч, мөн хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хоорондоо уулзан ярилцаж, ажлын арга туршлагаа солилцох, шинэ залуу прокуроруудаа танилцуулах, үлгэр жишээ үзүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Мандал сум дахь сум дундын прокурорын газар, Сайхан сум дахь сум дундын прокурорын газартайгаа хамтран нийт прокурор, ажилтнуудаа хамруулсан спортын нөхөрсөг тэмцээнийг спортын 5 төрлөөр зохион явуулсан байна. Сэлэнгэ аймгийн прокурорууд шатар, даам, дартс, холимог гар бөмбөг, холимог сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээрээ аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ