Б.Чойжилсүрэн: Монгол Улсын хүсэлтийг ОУВС ирэх лхагва гарагт хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
gantuya@montsame.mn
2017-05-16 17:06:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын зүгээс гаргасан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг ОУВС-ын Захирлуудын зөвлөлийн хурлаар энэ сарын 24-нд хэлэлцэх тов гарсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын товыг баттай тогтоосон уу? Дахин хойшлохгүй гэх баталгаа байна уу? 
-Энэ сарын 8-ны өдөр Азийн хөгжлийн банкны хаврын уулзалтад миний бие Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хамт очиж оролцсон. Ингэхдээ ОУВС-гийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж Захирлуудын зөвлөлийн товыг албан ёсоор баталгаажуулсан. 

-ОУВС-тай тохирсон тохиролцоо, санхүүжилт хэвээрээ байгаа юу. Өөрчлөлт орох зүйл бий юу? 
-Монгол Улсын Засгийн ОУВС-тай тохирсон "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр"-ийн хүрээнд нийт санхүүжилт нь 5.5 орчим тэрбум ам.доллар болж байгаагаас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан. ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатайгаар олгох бөгөөд эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгох аж. Мөн Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, 2 хувиас доош хүүтэй/ амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон байгаа. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. 

-Төсөл хөтөлбөрүүд хэзээнээс хэрэгжиж, санхүүжилт хэдийд орж ирэх вэ? 
-Бид үүнийг 2017 онд шууд хэрэгжүүлэхгүй. Төслийн зээлийг авч ашиглахад салбар салбарын яамд нь ТЭЗҮ бэлтгэн ажиллаж байгаа. Тиймээс 2017 оны 2 дугаар хагас, 2018-2019 онд ТЭЗҮ бэлэн болсны дараа санхүүжүүлэгч байгууллагууд нь санхүүжүүлэлтээ олгоно.

-Автомашины татварыг нэмэх хугацааг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлт тавиад байгаа. Энэ хүсэлтийг хүлээн авах боломжтой юу? 

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор долоон төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх нь ОУВС-тай бодлогын хүрээнд нэр заан тохирсон учраас энэ талаар тодорхой бэрхшээл үүсч байгаа. ОУВС  бол хэсэг бүлэг хүн хэлэлцээд шийдвэр гаргах боломжгүй. Дэлхийн 182 орон ОУВС гишүүнчлэлтэй, Захирлуудын зөвлөлд 24 гишүүнтэй олон талт байгууллага учраас бүх хүнд улсын дотоод бэрхшээлээ ярилцаж ойлгуулна гэдэг хэцүү. Автомашины татварын тухайд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж дөрөвдүгээр сарын сүүлийн ажлын өдрүүдэд Гаалийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж, хоёр өдрийн дотор хос тэжээлт 1000 гаруй автомашин импортоор оруулсан. 

-ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан зарим иргэдийн зүгээс "эдийн засгийн эрх чөлөөгөө гадаадад өглөө" гэсэн шүүмж гарч байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 

-Ийм шүүмжлэл олон нийтийн дунд гарч байгаа нь үнэн. Яаж ойлгохыг мэдэхгүй ч 2016 оны 7 дугаар сарын 30-нд Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд нөхцөл байдал маш хүнд байсан. ОУВС-аас тусламж хүсэхэд төсвийн алдагдлаа бууруулах, өрийн тогтвортой байдлыг үүсгэх гэсэн шаардлагууд тавьсан. ОУВС-д ороогүй тохиолдолд эдийн засаг дампуурах учраас өөр ямар ч сонголт байгаагүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн ямар нэг эерэг нөлөө үзүүлнэ. 

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал эдийн засагт хэр үр өгөөжөө өгөх айлчлал болсон гэж та дүгнэж байна вэ? 

-Эдийн засагт тодорхой хэмжээнд эерэг нөлөөлөл үзүүлнэ. 2016 оны намар УИХ-ын дарга БНХАУ-д айлчилсан. Энэ айлчлалаар хоёр зүйлийг БНХАУ-ын Засгийн газраас хүссэн нь манай улсын уламжлалт экспортын бүтээгдэхүүний квотыг 2017-2018 онд нэмэх, дэмжлэг үзүүлэх, зах зээл бий болгох хүсэлт тавьсан. Гадаад харилцааны сайд мөн айлчлахад энэ асуудлыг БНХАУ-ын Засгийн газар дэмжихээ илэрхийлж, Монголоос экспортлох коксжих нүүрс, төмрийн хүдрийн квотыг нэмж, үнэ нь өссөн. Энэ бодлогын залгамж, дараагийн алхам болж Ерөнхий сайд сая айлчиллаа. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Холбоотой мэдээ