Хүнийг амттанд дуртай болгодог гормоныг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-16 15:53:19
ОСЛО./TASS/. Зарим хүмүүс амттанд асар их дуртай байдаг нь FGF21 гэдэг гормоны /даавар/ үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй. Ийм дүгнэлтийг Копенгагены их сургуулийн дэргэдэх Данийн "Novo Nordisk" эм үйлдвэрлэлийн компанийн дэргэдэх эрдэм шинжилгээний нэгэн төвийн мэргэжилтнүүд хийжээ.

Элгэн дэх гормон ялгаруулалтыг хариуцдаг генийн хоёр хувилбар бүхий хүмүүсийн хоолны зуршлыг нь харьцуулан үзсэн байна. Хоёр бүлгийн нэгд нь амттанд дуртай хүмүүсийн тоо 20 хувиар илүү олон байгаа нь тогтоогдсон аж. Амттанд дуртай хүмүүст цусны шинжилгээ хийхэд, өлөн элгэн дээрээ чихэр хэрэглэсний дараагаар тэдний цусанд FGF21 гормоны хэмжээ амттанд дурладаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад 50 хувиар бага байжээ.

“Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар тодорхой төрлийн гентэй хүмүүсийн хоол хүнсэн дэх уураг, нүүрсусны харьцаа нь нүүрсус талдаа их байдаг болохыг тогтоосон байдаг. Ийм учраас бид энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй судалж, эдгээр хүмүүс чухам ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болохыг олж мэдэхээр шийдсэн” гэж судалгааг санаачлагч Нильс Граруп ярьж байна.

Эрдэмтдийн өөр нэгэн багийн мэрэгч амьтад, сармагчинд хийсэн туршилтаар цусан дахь гормоны хэмжээ ихсэх нь амттанд дурлах дуршлыг бууруулдаг болох нь тодорхой болжээ. FGF21 гормоны үйл ажиллагааны талаарх эдгээр шинэ мэдээллүүд нь хоолны дуршлыг хянах, таргалалттай тэмцэхэд тустай эм бэлдмэлийг гарган авахад тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.

“Өнөө цагт хүмүүс амттанг хэтэрхий ихээр идэж байна. Энэ нь зарим талаараа сахар, амттан элбэг болсонтой холбоотой боловч зарим хүмүүсийн хувьд үүний шалтгаан нь биологийн механизм байдаг. Иймээс зарим хүн амттанд тэмүүлэх дур хүслээ хорьж дийлж чадахгүй болдог” гэж Н.Граруп тайлбарлалаа.

Эрдэмтний үзэж байгаагаар, цусан дахь FGF21 гормоны хэмжээг нэмэгдүүлдэг эм бэлдмэл нь амттанд хэт дуртай хүмүүсийн хувьд үр дүнтэй байж магадгүй юм. Үүний зэрэгцээ FGF21 гормон нь хүний бие махбодид явагддаг хэд хэдэн процесст оролцдог тул түүнийг эм болгон хэрэглэх нь гаж нөлөө үзүүлэх магадлалтай гэж судлаач тэмдэглэн хэлжээ.

Үүнээс гадна, амттанд хэт дуртай байх нь хүний хоолны олдмол зуршил, сэтгэл санааны байдал төдийгүй хэлэн дээрх амтлах хөхүүлийн тоотой хүртэл холбоотой байдаг. 

Н.Граруп болон түүний мэргэжил нэгтнүүдийн судалгаа шинжлэх ухааны “Cell Metabolism” сэтгүүлд нийтлэгджээ.
О.Барс 

 

 

 

 

Холбоотой мэдээ