Эверестийн хогийг цэвэрлэх томоохон кампанит ажил өрнөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-12 14:37:19
ЛХАС. /Xinhua/. Дэлхийн ноён оргил болох Эверестийн хогийг цэвэрлэх томоохон кампанит ажлыг Түвдэд анх удаагаа зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажил эхэлснээс хойш долоо хоногийн хугацаа өнгөрөөгүй хэдий ч гадаадын болон Түвдийн сайн дурынхан дөрвөн тонн хог түүжээ.

Уулын өндөрлөг цэгүүдэд буудалласан уулчдын үлдээсэн хогийг “Эверестийн цэвэрлэгээ” төслийн хүрээнд цэвэрлэж байгаа юм. 90 хоног үргэлжлэх кампанит ажил энэ сарын 5-нд эхэлжээ.

Эверестэд жилдээ 60 мянган уулчин, жуулчин очдог бөгөөд тэд гол төлөв хүчилтөрөгчийн сав, лааз, хуванцар сав, хуучирч муудсан майхан, ууланд авирахад ашигладаг хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл зэргийг буудалласан газартаа хаяж явдаг байна.

2012 онд “Washington Post” сонин Эверестийн хогны асуудлаар уулчдаас ярилцлага авч байжээ. Өнгөрсөн сард Эверестэд амиа алдсан Швейцарийн алдарт уулчин Уэли Штек тухайн үед ярихдаа “хүний ялгадас, хог хаягдалд цас бохирдсон учраас Эверестийн цасыг хайлуулан унданд хэрэглэхээс зайлсхийж, савлагаатай цэвэр ус авч явдаг” гэж байв.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ