Үйлдвэрлэгч сав баглаа боодлоо эргүүлэн татах үүрэг хүлээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгджээ.Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон байна.
Япон Улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бөгөөд 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг, 5-10 хувь нь цуглуулж чадахгүй ил задгай хаягддаг байна. Үүнээс гадна хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа аж.
Иймд аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулж өгчээ. Мөн хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд тусгав. Ингэснээр хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгажээ.
Б.Туул