Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-12 11:54:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Хууль тогтоомжийн тухай хууль нь оны эхнээс хэрэгжиж буй. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хуулийг боловсруулахаас эхлээд бүхий шатны шатлалыг хуульчилж өгсөн давуу талтай. Гэвч зарим шаардлагатай засварыг хийх нь зүйтэй хэмээн үзсэн тул  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлсэн юм. 

Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хязгаарлаж байна хэмээн үзжээ.
 
Түүнчлэн УИХ-ын тухай хуульд зааснаар байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл хууль санаачлагчаас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж, өргөн мэдүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргахаар тусгасан байжээ.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарсан. Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг эхний шатанд нь 73,9 хувийн саналаар баталлаа.
 
Б.Туул
Холбоотой мэдээ