Пхеньян АНУ-ын баривчлагдсан иргэдийг удахгүй шийтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-12 09:13:13
ПХЕНЬЯН. /Yonhap/. Саяхан АНУ-ын хоёр иргэнийг баривчилснаа Умард Солонгос зөвтгөхийн сацуу тэднийг удахгүй шийтгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн сарын 22-нд Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудлаас солонгос гаралтай Америкийн нэгэн иргэнийг Умард Солонгосын аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан юм. Баривчлагдсан хүн нь Пхеньяны шинжлэх ухаан, технологийн сургуульд багшилж байжээ.

Мөн  тус их сургуульд ажиллаж байсан Америкийн өөр нэгэн иргэнийг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт баривчилсан билээ.

Тэднийг чухам ямар үндэслэлээр баривчилсан гэдгээ Умард Солонгосын тал тодорхой мэдэгдээгүй юм.

Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “хуулийн хүрээнд гэмт хэрэгтнүүдийг шийтгэх нь тусгаар тогтносон улс орны эрхийн асуудал. Гэмт этгээдүүдийг удахгүй шийтгэх болно. Улс орноо хамгаалахын тулд гэмт этгээдүүийг сахилгажуулна” гэжээ.

Өчигдөр Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл Пхеньян хотод ажиллаж байгаа гадаадын дипломатчдыг хүлээн авч уулзсан байна.

Тэрбээр хэлэхдээ “АНУ ба Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд удирдагч Ким Жөн Уныг хөнөөлгөхөөр манай улс руу террорист бүлэглэлийг илгээснийг илрүүлсэн. Аюулаас хамгаалах хүчнийхэн террористуудыг илрүүлэх ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэжээ.

Одоогоор Умард Солонгост АНУ-ын дөрвөн иргэн баривчлагдаад байна.

Умард Солонгосын талаарх АНУ-ын бодлогыг өөрчлөхийн тулд Пхеньян иргэдийг нь баривчилж байна гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд




Холбоотой мэдээ