“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг 21 дэх удаагаа тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор олон улсын сувилагчдын өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон сургалт зохион байгуулж байна. Мөн дээрх сэдвийн дор хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн сум, багийн эмч, сувилагч нар болон ОУБ-уудын төлөөлөгч нар оролцож байгаа юм.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ, Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, сургалт болон бусад арга хэмжээ нь үр дүнгээ өгч, та бүхэнд мэргэжил арга зүйн бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Бид “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулж, сувилахуй, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээ, сувилгааг төрийн ивээл дор бие даасан байдлаар нь хөгжүүлэх бодит эхлэлийг тавилаа. Хууль эрх зүйн хүрээнд түүхэнд тэмдэглэгдэх өөрчлөлт оруулж чадсан. Энэ бол Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулинд анх удаа сувилахуй, сэргээн засах, хөнгөвчлөх эмчилгээ сувилгааны бие даасан, төрөлжсөн төвүүдтэй байхаар, ЭМД-ын тухай хуулинд эдгээр төвийн санхүүжилтийнх нь асуудлыг тусгаж батлуулсан. Улмаар хүн амын дунд хамгийн их эрэлттэй байгаа буюу байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай өндөр настан, хүнд, хэвтрийн, архаг өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөнгөвчлөх тусламж, шаардлагатай иргэддээ тусламж үйлчилгээгээ улам ойртуулж, анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо хэмээн онцолсон юм. Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хангамж, нийгмийн асуудлыг нь сайжруулах, ажлын ачааллыг нь тооцох, өртөг үр дүнтэй уялдуулахыг зорьж байгаа. Уг асуудал улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэж удаашралтай байгаа ч, бага багаар бодлого, хөтөлбөрт тусган шийдвэрлэх боломжийг эрэлхийлж байгааг та бүхэнд сонордуулж байна гэлээ.
Д.Өлзий