Д.Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-11 11:00:55
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу лхагва гарагт Цагаан ордны Зууван танхимд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзан, Сирийн иргэний дайны талаар ярилцжээ. 

Д.Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Оросын өндөр албан тушаалтантай анх удаа уулзсан нь энэ юм.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал Жеймс Коми-г Д.Трамп мягмар гарагт огцруулсан нь америкчуудыг гайхшруулсан билээ.

С.Лавровтай уулзсаныхаа дараа Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “бид маш ажил хэрэгч уулзалт хийлээ. Олон хүний аминд хүрч байгаа Сирийн иргэний дайныг аль болох хурдан дуусгахын тулд хамтын хүчин чармайлт гаргахаар бид тохиролцсон” гэжээ.

ОХУ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадыг дэмждэг юм. ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэг бус удаа илэрхийлж байсан боловч Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын цэргүүд химийн зэвсэг ашиглан дайралт хийсний дараа дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн агаарын цэргийн хүчний баазад Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ-ын арми пуужингийн цохилт өгсөн билээ. Үүний улмаас Вашингтон-Москвагийн харилцаа муудаад байгаа юм.

Д.Трамптай уулзахаасаа өмнө лхагва гарагийн өглөө сайд С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзжээ. Уулзалтын дараа "ХМТ-ны захирал Ж.Комиг гэнэт халсан тухай асуудал хэлэлцээний үеэр хөндөгдсөн үү?" гэж нэгэн сэтгүүлч асуухад С.Лавров “Ж.Комиг огцруулчихсан юм уу? Та надаар тоглоод байна уу?  Тоглож байгаа байлгүй дээ” гэж ёжилсон өнгөөр хариулсан байна.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ