Чехийн тэрбумтан сайдыг огцруулахыг шаардсан жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-11 10:34:06
ПРАГА./TASS/. Лхагва гарагт Чехийн нийслэлийн төвд орших Вацлавын талбайд болсон жагсаал цуглаанд 20 гаруй мянган хүн оролцжээ.

Жагсагчид эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүн шадар сайд бөгөөд Сангийн сайд, тэрбумтан Андрей Бабиш-ийг нэн даруй огцруулахыг тус улсын Ерөнхийлөгч Милош Земанаас шаардаж байв. А.Бабиш татвараас зайлсхийсэн гэх дуулианд холбогдоод байгаа юм. 

“Ерөнхийлөгч нь Үндсэн хууль болон Ерөнхий сайд Богуслав Соботкагийн Ерөнхийлөгчид өргөн барьсан А.Бабишийг огцруулах тухай хүсэлтийг үл тоомсорлох эрх байхгүй” гэж цуглааныг зохион байгуулагч иргэний хөдөлгөөний идэвхтэн Шарка Фиалова ярилаа.

Түүний хэлснээр, Вацлавын талбайд ийм их олон хүн цугларсан тохиолдол гаралгүй их удсан аж. Ерөнхийлөгчийн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр уг талбай дээр улс төрчид, парламентын гишүүд, олон нийтийн зүтгэлтнүүд, жирийн иргэд цугларчээ. Мөн залуучууд их олноороо ирсэн байв.

Жагсагчид “Бабиш огцор!”, “Бабиш, чи битгий худлаа ярь!” хэмээн хоолой нийлүүлэн хашгиралдаж байлаа. Тэдний зарим нь Бабишийн компанийг нийгэмчлэх, ямар замаар хөрөнгө чинээгээрээ Чехийн тэрбумтнуудын хоёрдугаарт орох болсны учрыг олохыг шаардаж байлаа.
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ