Венесуэльд эх хүүхдийн эндэгдэл эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-10 11:48:04
КАРАКАС. /ВВС/. Венесуэльд эх хүүхдийн эндэгдэл эрс нэмэгджээ.

Тус улсын ЭМЯ эх хүүхдийн эндэгдлийн талаарх тайлан мэдээг 2015 оны долдугаар сараас хойш анх удаагаа гаргалаа.

Мягмар гарагт гаргасан уг тайланд дурдсанаар, төрөхийн хүндрэлийн улмаас нас барсан эмэгтэйчүүдийн тоо 65 хувиар, хүүхдийн эндэгдэл 30 хувиар нэмэгджээ.

Мөн тус улсад хумхаа, сахуу зэрэг өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн байна.

Тус улсын албаны хүмүүс эх хүүхдийн эндэгдэл болон өвчний дэгдэлт нэмэгдсэнийг эдийн засгийн гүн хямралд орсонтой холбон тайлбарлаж байна. Засгийн газар улс орныг зөв удирдаж чадахгүй байгаагийн улмаас эдийн засгийн хямрал гүнзгийрсэн гэж тус улсын сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Николас Мадуро “намайг түлхэн унагааж, төрийн эргэлт хийхийг хүсэгчид эм тариаг нууцаар нөөцөлсний улмаас эрүүл мэндийн салбар хямралд ороод байна” гэв.

Венесуэль бол газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг боловч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд нефтийн үнэ эрс унасны улмаас эдийн засгийн хямралд орж, улмаар тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн болон эм тариа импортлох гадаад валютын нөөцгүй болсон юм.

Венесуэльчүүд хоол хүнснээс эхлээд эм тариа хүртэлх бүх зүйлийн хомсдолд ороод байна.

НҮБ эм тариа нийлүүлэх болов уу?

Саяхан явуулсан судалгааны тайлангаас үзвэл, венесуэльчүүдийн дөрөвний гурав нь ямар нэгэн өвчтэй болжээ. Тэд бараг л хоосон хонож байна. Олон хүн дунджаар 9 кг-аар туржээ.

Тус улсын олон эмч гадаад улс орнууд руу цагаачилжээ. Тус улсын тэргүүлэх эм ханган нийлүүлэх газрын мэдэгдсэнээр, эм тарианы хомсдол 85 хувьд хүрсэн байна.


Засгийн газрын эрүүл мэндийн бодлогуудыг шүүмжлэгч, халдварт өвчин судлалын мэргэжилтэн бөгөөд доктор Хулио Кастро ярихдаа “манай улсын бараг бүх салбар уналтад ороод байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар. Эх хүүхдийн эндэгдэл эрс нэмэгдсэн” гэв.

Венесуэльчүүд эм тариа худалдан авч, эмчилгээ хийлгэхээр хөрш Бразил болон Колумб руу явах нь ихэсчээ. Үүнтэй холбогдуулан Бразилын Рорайма мужид онц байдал зарласан байна.


Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг эсэргүүцэгчид бараг бүтэн сарын турш жагсаал цуглаан хийж, сонгууль хийхийг шаардаж байгаатай холбоотойгоор Венесуэльд эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.
 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ