Aймгийн Засаг дарга номын сангаа баяжуулахад нь зориулж нэг сая төгрөг шийдэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-09 10:40:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын ЕБС-ийн 8-р ангийн 15 сурагч аймгийн Засаг дарга хүн юу хийдэг, ямар төлөвлөгөөтэй ажилладаг тухай сонирхон ирж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзлаа. Энэ нь аймгийн Засаг даргын ажлыг сонирхон ирж уулзаж байгаа анхны тохиолдол юм.

Сурагчид сумынхаа сургуулийг 12 жилтэй болгочихвол хүүхдүүдийн шилжих нь зогсоно, сургуулийн номын баяжилт муу, бараг шинэ ном байдаггүй, багш нар ямар нэг уралдаан тэмцээнд явах гэхээр цалин нь хүрдэггүйн улмаас явж чаддаггүй гээд их л олон зүйлд санаа зовж явдгаа илэрхийлэв. Харин аймгийн Засаг дарга номын баяжилт хийхэд нь зориулж нэг сая төгрөгийг шийдэж өгөхөөр болов.
 
Тэд дарга нараас өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, нээлттэй ярилцлаа. Мөн хэрхэн мэргэжлээ сонгож болох талаар ч ярьсан юм. Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэхдээ: “Их дээд сургууль төгссөн хүмүүсийн 30 хувь нь ажлын байртай, харин МСҮТ-ийг төгссөн оюутнуудын 70 хувь нь ажлын байртай болж байна гэсэн судалгаа байдаг. Та бүхэн маань ямар ажил мэргэжил энэ цаг үед эрэлт хэрэгцээтэй байна, түүнийг сайн судалж, сурах хэрэгтэй. Хүний сайхан амьдрах нь хувь хүнээсээ их шалтгаалдаг шүү дээ. Сайн малчин ч байж болох шүү дээ. Аливаа зүйлийг сайн сурна гэдэг нь ирээдүйд заавал үр дүнгээ өгдөг” гэдгийг хүүхдүүдэд хэлж байв.
 
Мөн Архангай аймгийн хөгжлийн гарц хэлж болох хөдөө, мал аж ахуй болон аялал жуулчлалын чиглэлээр барьж байгаа бодлогоосоо хүүхдүүдэд ойлгогдохуйцаар мэдээлэл өглөө. Энэ нь мэргэжлээ сонгох гэж буй тэдэнд тус болно гэлээ. 

Б.Гэрэлт-Од

 
Холбоотой мэдээ