Архангайн Эрдэнэбулган сумын нутагт 15 тарвага нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-08 16:09:03

Архангай /МОНЦАМЭ/. Энэ сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг буюу Хоршоололд 15 тарвагаа нутагшуулахаар тавьжээ. Энэ багийн төв нь аймгийн төвөөс 45 км зайд алслагдсан бөгөөд багийн даргын хүсэлтээр Цахир, Цэцэрлэг сумаас тарвага авчирч нутагшуулсан байна. Харж хамгаалах талын ажлуудыг ч багийн дарга иргэдтэйгээ хамтран хийхээр төлөвлөжээ.

Үүний өмнө БОАЖГ-аас хоёр ч ажлын хэсэг гарч Цахир, Цэцэрлэг суманд ажиллаж, судалгаа хийж, нийт 77 тарвагыг зөөж, Булган, Ихтамир, Батцэнгэл сумын нутагт нутагшуулаад байна. 

Тус аймагт тарвага нутагшуулах ажлыг жил бүр 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр хийдэг  юм. 
Тарвагыг өөр газар нутагт нутагшуулж байгаагийн гол зорилго нь цус ойртолтоос сэргийлэх, цус сэлбэх, таврага цөөтэй газрынхыг олшруулах явдал ажээ.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгоржийн тал, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумдын залгаа Хануй, Хүнүйн бэлчир, Цахир сумын Тарвагатайн нуруу гэсэн газруудад тарваганы өсөлт хэвийн түвшинд бусад сумдад байхгүйтэй адил болжээ. Ирэх жилүүдэд тарвагыг өөр аймгаас авах боломж байгаа эсэхийг судлах юм байна.  


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ