Пакистан, Энэтхэгийн хил дээр буудалцаан гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 12:15:10

ИСЛАМАБАД. /Sputnik/. Пакистан, Энэтхэгийн Жамму-Кашмирийн маргаантай хил дээр шөнө дунд гарсан буудалцаанаар 2 хүүхэд амиа алдаж, 14 хүн шархадсан хэмээн Пакистаны хэвлэл даваа гарагт мэдээллээ.

Пакистаны “DAWN” сонины мэдээлснээр, тус улсын зүүн хойд нутгийн Шанкаргарх хот дахь хил дээр буудалцаан болж, 10 настай охин, 16 настай хүү амиа алджээ. Жамму бүс нутгийн Самба, Катуа дүүрэгт гарсан өөр нэг хэрэг явдлын үеэр  6 энэтхэг шархадсан байна.

Пакистаны Гадаад хэргийн сайд гал зогсоох хэлэлцээрийг Энэтхэгийн талаас зөрчсөн хэмээн үзэж тус улсын Дээд комиссын гишүүны орлогч Ж.П.Сингхыг Исламабадад дуудсан байна. Гэвч Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас өдөөн хатгалгыг үгүйсгээд, Пакистаны талаас түрүүлж гал нээсэн гэжээ.

Жамму-Кашмирийн бүс нутаг нь 50 жилийн турш Пакистан, Энэтхэг улсын маргаантай газар нутаг байсаар ирсэн.  2003 онд хоёр тал гал зогсоохоор хэлэлцэн тохиролцсон билээ. Түүнээс хойш тус хоёр улс уг хэлэлцээрийг зөрчсөн хэмээн бие биенээ байнга буруушаасаар ирсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ