Анхдугаар экспогоор 100 тэрбум юанийн гэрээ хэлцэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-27 11:46:55

Анхдугаар экспогийн хүрээнд Монголын үйлдвэрлэгчид 100 сая юанийн гэрээ хэлцэл байгуулсан хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тодотгов.

Тэрбээр  “Одоо цаашид хоёр хөрш маань манай эдийн засгийн нөхцөл байдалд хүлээцтэй, зөвшөөрч хандах, хүнд, хөнгөн, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал чухал.

Мөн улс төрийн болон  эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлаа нээлттэй болгох хэрэгтэй. Үнэхээр Монгол Улсын үйлдвэрлэгчдийг дэмжиж байна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй” гэв.

Энэ үеэр Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон гол томоохон төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” компани хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулав. Ингэснээр тус компани өнгөрсөн онд 5.4 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны сүүлээр 6 сая тонн  нүүрс экспортлохоор төлөвлөжээ.

Эрдэнэс таван толгой компанийн Төсөл, Дэд бүтэц хариуцсан дэд захирал С.Цэвээнжав хэлэхдээ, “Манай компани бүтээгдэхүүнээ хятадын талтай хамтран боловсруулж зах зээлд нийлүүлэх нь  цаашид хятадын зах зээлд байр сууриа баттай эзэлж буй явдал" гэв.

Аж үйлдвэрийн яамны  Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Нийт 40 гаруй төсөлд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Эрчим хүч, Хөнгөн үйлдвэр, Мал аж ахуй, барилгын материал, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт хамтран ажиллана.

Тухайлбал, Ухаа худгийн нүүрсний орд 800 сая ам.доллар, Таяд нуурын төмрийн хүдрийн уурхайн орд 160 сая ам.доллар, Sky resort цанын баазын гольфын талбай 25 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл нь тогтворжуулах гэрчилгээ авсан. Уул уурхай металлургийн цогцолбор барих төсөл 725 сая ам.доллар, нефтийн нөөц байгуулах 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл зэрэг концессын 17 гэрээ байгуулсан" гэв.

Хятад улс манай улсад байгаа таатай нөхцлүүдийг ашиглаад үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломж бий. Тухайлбал, Монгол улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй нийлүүлэхээс гадна Японы зах зээлд 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй нөхцлөөр борлуулах боломжтой.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт ярихдаа, “Хятад улс аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн орон. Европын Холбооны улс, Япон зэрэг улсад бараа бүтээгдэхүүн өндөр татвартай гардаг. Тийм учраас Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулаад, үйлдвэр байгуулаад, ажлын байр бий болгон, Европын холбоо, Хятад улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох юм бол татварын  нэн таатай боломжийг ашиглах боломжтой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг агшиж байна. Төсвийн орлого хомсдож байгаа энэ үед хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Үүнд хүн бүр эрвийх дэрвийхээрээ Монгол Улсаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож анхаараасай хэмээн хүсч байна” гэсэн юм.

Евро Ази бол худалдааны асар том зах зээл. Хоёр тивийг холбох хамгийн дөт гүүр бол Их торгоны зам. Тиймээс  гурван улсыг дайрах Талын зам, Торгоны зам, эдийн засгийн коридороос Монгол Улс ашиг хүртэхийн тулд аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, түүхий нөөцөө ашиглан, баялаг бүтээж худалдаалах гарцыг энэхүү экспогоор нээлээ.

Энэхүү хуралд Монгол, Хятад хоёр талын яам, байгууллагуудын удирдлага, хоёр талын муж аймаг, хот, ӨМӨЗО-ны холбогдох танхим газрын дарга нар, бизнесийн төлөөлөл, Хонконг, Макао, Тайваний бизнесийн төлөөлөл оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ