Талибууд хүүхдүүдийг элсүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 10:50:11

МОСКВА. /Sputnik/. "Талибан" хөдөлгөөний босогчид Афганистаны зүүн хойд Бадакстан мужийн Вардож дүүргийн бүх сургуулийг хааж, сурагчдыг зэвсэгт ажиллагаандаа татан оролцуулж байна хэмээн тус мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч даваа гарагт мэдээллээ.

Босогчид олон хүүхдийг тэдний төлөө байлдахаар тулааны талбар луу илгээсэн талаар мужийн захирагч  Шах Валиулла Адибын хэлснийг "Толо" суваг иш татлаа.

“Сүүлийн үед талибууд насанд хүрээгүй хүүхдийг дайнд ашиглаж байна. Тэд сургуулиудыг хаасан байна. Талибууд дунд амиа алдагсдын дийлэнх нь хүүхдүүд байдаг болсон” гээд сүүлийн долоо хоногуудад талибуудын хүүхэд цэргийн талаар гарч байсан мэдээллийг баталлаа.

Энэ сарын эхээр талибууд Вардож дүүргийг эзэлсэн юм. “Өөрсдийн мэдлийн газар нутагт сургуулиудыг хааж, зөвхөн Бадакстан мужид л 10 мянган хүүхдийн сурч боловсрох эрхийг боогдуулж байна” хэмээн орон нутгийн боловсролын хэлтэс мэдэгдэв.

Х.Аминаа

Холбоотой мэдээ