Ажлаас үндэслэлгүй халсан хугацааны хохирлыг дарга барагдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төрийн албаны зөвлөлийг чадавхжуулах тал дээр анхаарч ажиллаарай" гэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт, "Монголын төрд шилдгүүд ажилладаг байх ёстой шүү" хэмээв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төрийн албаны зөвлөлийг чадавхжуулах тал дээр анхаарч ажиллаарай" гэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт, "Монголын төрд шилдгүүд ажилладаг байх ёстой шүү" хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Хуулийн төсөлд төрийн албан хаагчийг чадвараар нь үнэлж цалинжуулна гэсэн байна. Чадвараар нь цалинжуулна гэхээр эргэлзээтэй асуудал гарч ирэх юм биш үү. Цалингийн асуудлыг хэрхэн яаж оруулж ирсэн бэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Төрийн албан хаагчдын цалинг нэг мөр энэ хуулиар зохицуулья гэсэн боловч хэцүү юм байна. Бид төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын асуудлыг өөрчлөе гэж ярьсан. Гэтэл өнөөгийн нөхцөлд ОУВС-тай хийсэн тохиролцооны хүрээнд асуудал хязгаарлагдмал байна" гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Б.Батзориг, "Төрийн албыг 6 жил болгоод сэлгэдэг байх хэрэгтэй. Нэг хүн олон жилээр нэг ажил дээр суудаг. Сүүлдээ нөгөө хүнээс нь юм гарахаа больдог. Энэ асуудлыг бодолцоорой" гэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал, "Эмч багш нарыг төрийн жинхэнэ албан хаагч мөн гэсэн заалтыг оруулах хэрэгтэй" гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Хэн илүү ачаалалтай, үр дүнтэй байна вэ гэдгээс хамаарч ялгамжтай цалин олгодог байх нь зүйтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Өнөөдөр төр гажуудсан. Тэр хэрээрээ төр хүчгүйдсэн. Төрийн албаны хуулийг шинэчлэх нь зайлшгүй асуудал мөн" гэсэн бөгөөд үг хэлсэн гишүүдийн ихэнх нь уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн хууль санаачлагч Д.Тогтохсүрэн гишүүн, гишүүдийн асуусан асуултад хариу өгөхдөө, "Одоогийн нөхцөлд төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа халж солих явдал хэвийн үзэгдэл болоод байна. Тухайн иргэн өнөөдөр ажлаасаа хууль бусаар халагдсан нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд төр хохирлыг барагдуулж байгаа. Хуулийн төсөлд туссанаар бол тэр хугацааны хохирлыг ажлаас нь халсан албан тушаалтан төлдөг зарчим руу шилжинэ" гэсэн хариуг өгч байлаа.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжив.
Б.Туул