Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид Астанад ирэх нь тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-02 13:49:32
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Сирийн зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчид Астана хотод болох Сирийн асуудлаарх хэлэлцээнд оролцоно гэж Казахстан улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Ануар Жайнаков мэдэгдлээ.

Одоогоор Астана хотод НҮБ-ын шинжээчид болон холбогдох улс орнуудын төлөөлөгчид ирээд байна. Энэ удаагийн хэлэлцээнд оролцоно гэдгээ НҮБ-ын Ерөнхий бичгий даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ. Тэрбээр өнөө орой Астанад хүрэлцэн ирэх бололтой.

“Өнөөдөр баталгаа олгогч орнуудын шинжээчдийн техникийн уулзалт болно. 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд хэлэлцээг өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж А.Жайнаков хэллээ.

Сануулан дурдахад, 3 дугаар сарын 14-15-нд болсон өмнөх хэлэлцээнд баталгаа олгогч улсууд болох Орос, Турк, Ираны төлөөлөгчдөөс гадна АНУ, Иордан, Сирийн засгийн газар болон НҮБ-ын төлөөлөгчид оролцсон билээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ