Арьсны үзлийг эсэргүүцсэн Ганын хөлбөмбөгчний шийдвэрийг НҮБ-ын комиссар дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-02 12:03:31

МОСКВА./TASS/. Италийн “Пескар” багийн хагас хамгаалагч, Гана гаралтай Салли Мунтари хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчдийн зүгээс арьсны өнгөөр ялгаварлан орилж хашгиралдаж байсныг эсэргүүцэн хөлбөмбөгийн талбайг орхин явсан байна. Түүний энэ шийдвэрийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Зейд Раад аль-Хусейн дэмжжээ.

Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 34 дүгээр тойрогт “Кальяри” багийн талбайд хийсэн тоглолтын 89 дэх минутанд Салли Мунтари шүүгчид хандан "үзэгчдийн зүгээс над руу арьсны өнгөөр ялгаварлан доромжилж, орилж хашгиралдаад байна" гэж гомдол мэдүүлэн тоглолтыг түр зогсоохыг хүсчээ. Үүний хариуд шүүгч түүнийг шар хуудсаар торгосон ба үүний дараа С.Мунтари эсэргүүцлээ илэрхийлэн тоглолтыг орхин явжээ.

Тоглолтын дараа “Пескар”-ын дасгалжуулагч Зденек Земан багийнхаа тамирчныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч "тамирчин дураараа тоглолтыг орхих ёсгүй байсан" гэжээ.

Дээд комиссар Раад аль-Хусейн хэлэхдээ "С.Мунтари бол НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн агентлагийн бүх ажилтнуудын урам зоригийг сэргээсэн хүн” гэж  тодорхойлсон байна. 

Үүнээс өмнө 4 дүгээр сарын 21-нд Киевийн “Динамо” болон Донецкийн “Шахтер” багуудын хооронд болсон тоглолтын үеэр арьсны өнгөөр ялгаварлах үзэл илэрч байсанд санаа зовниж байгаагаа Раад аль-Хусейн илэрхийлж байсан юм.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ