30 хувиар цалин бууруулбал шүүхийн бие даасан байдалд нөлөөлнө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-26 16:33:39

“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулахдаа шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцсон.

Улмаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д "Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох тухай зааж УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагынхан эсэргүүцэн, байр сууриа өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийсэн юм. Тэрээр нэн тэргүүнд энэ хуулийн төслийг өргөн барихдаа өөрсдийнх нь саналыг огт аваагүй гэдгийг онцлов.

    “Шүүгчид 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй”

“Шүүгч хүн ажлаасаа өөрөөр орлого олох бүх аргыг хуулиар хориглосон байдаг. Дээрээс нь бие даасан байх учиртай шүүгчдийн цалинг бууруулах тухай яригдаж буй нь шүүхийн эдийн засагт томоохон аюул учруулах асуудал” гэдгийг онцолсон юм. Учир нь шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкинд зээлтэй гэв. Шүүгчдийн нийт зээлийн хэмжээг тооцвол 24.5 тэрбум төгрөгт хүрнэ. Харин нийт зээлийн 70 хувь нь моргейжийн зээл юм. Тиймээс шүүгчдийн одоогийн авч буй цалинг 30 хувиар бууруулна гэдэг шүүхийн бие даасан байдалд асар хортой гэдгийг сануулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ