Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж 7 хоногийн дараа гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-29 15:46:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг УИХ-аас гаргаж, энэ дагуу уг санал асуулгыг удирдан зохион байгуулах, санал асуулгын асуултыг боловсруулах, дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан.

Тус зөвлөлийг төлөөлж доктор Ц.Сарантуяа, академич Г.Чулуунбаатар нар өнөөдөр Төрийн ордонд анхдугаар зөвлөлдөх уулзалтын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, “Өнөөдөр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэхүү уулзалтад нийт 1570 хүнээс сонгосон 735 төлөөлөл оролцож байна. Эдгээр 700 гаруй хүн 15 гишүүнтэй 49 баг болж, баталсан сэдвийн хүрээнд санал бодлоо нэгтгэж шинжээчдэд хандаж тавих асуултаа боловсруулан тавьж байна. Энэхүү үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн 8 гишүүн анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, нөлөөнд автаж байна уу, идэвх хэр зэрэг байна вэ гэх зэрэг хяналтыг тавьж байна.

Эхний сэдвийн хүрээнд  “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь" сэдэвт эхний хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд үйл явцыг ажиглаад эерэг болон сөрөг талын аль алиныг нь оролцогчдод эн тэнцүү хүргэх ёстой хэмээн зохион байгуулагчдад анхаарууллаа. Одоо хоёр болон гуравдугаар сэдвээр хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Үүнд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэх, эс нэмэх болоод Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын асуудлыг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ гэсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэлээ.

Мөн үеэр зөвлөлийн гишүүд уг уулзалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангасан гэдгийг хэлээд 5 дугаар сарын 6 гэхэд хоёр өдрийн уулзалтыг нэгтгэсэн зөвлөмжийг гаргаж, УИХ-д хүлээлгэн өгнө хэмээн мэдээлэв.
Б.Туул
Холбоотой мэдээ