Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг болох эсэхийг зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-29 12:41:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал агуулгын хүрээнд "УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь" сэдэвт эхний хэлэлцүүлэг Төрийн ордонд үдээс өмнө болж өнгөрлөө.

Хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь" сэдвээр танилцуулга хийв. Түүний танилцуулгатай холбогдуулж оролцогчид бүлэг болж, хэсэгчилсэн хэлэлцүүлэг хийлээ. Үүний дараа болсон нэгдсэн хуралдаанаар бүлэг тус бүрээс нэг оролцогч хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, судлаачдын тайлбарыг сонслоо.

Тухайлбал, оролцогчдын зүгээс Ерөнхий сайд кабенитаа өөрөө бүрдүүлдэг болсноор эрх мэдлийн хувьд нэмэгдэж байна. Ингэснээр нөгөө талд нь ямар сул тал үүсэх вэ. Ерөнхий сайд кабенитаа бүрдүүлэхдээ танил талдаа давуу эрх олгох юм биш үү. Энэ зохицуулалт орж ирснээр Засгийн газар хариуцлагажиж чадах уу. Нэг хүн Засгийн газрын болон УИХ-ын гишүүн байх нь оновчгүй байна. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаар тогтоох хэрэг байна уу. Ерөнхий сайдад хэн хэрхэн хариуцлага тооцох вэ гэх зэрэг асуудлыг тодруулсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг  “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилдог болсноор үүсэх сөрөг талыг хэрхэн зохицуулах вэ” гэсэн оролцогчийн асуултад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд багаа бүрдүүлдэг болох тухай асуудал орж ирж байна. Ингэснээр хариуцлага сайжирна гэж үзэж байгаа юм. Хэрэв Ерөнхий сайд ажлаа мэддэггүй, ёс суртахуунгүй сайдыг багтаа ажиллуулаад байвал өөрөө огцрох асуудал яригдана. Тэгэхээр Ерөнхий сайд сайн ажиллах хүнийг сайдаар томилох шаардлагатай болно. Хоёрдугаарт нөгөө талд парламент Засгийн газарт хяналтаа тавина. Үүгээр Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх нөхцлийг хааж өгнө” гэв. Түүнчлэн асуулт тавьсан ихэнх иргэдийн зүгээс  “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр давхар ажилласнаар ажил цалгардаж, хариуцлага тооцоход учир дутагдалтай байна. Яагаад Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болох санал орж ирэв” гэцгээж байв.

Судлаачдын өгч буй тайлбараар бол Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаар тогтоох тухай заалт бусад орны жишигт байдаггүй. Гэхдээ үндсэн яамдын сайд нар УИХ-ын гишүүнээр ажилласнаар ажлын уялдаа холбоо сайжирна хэмээн үзсэн тул энэхүү асуудлыг оруулж ирсэн юм гэсэн тайлбарыг өгч байлаа.

Зөвлөлдөх санал асуулгын уулзалт үдээс хойш “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” зэрэг сэдвээр үргэлжилнэ. 
Б.Туул
Холбоотой мэдээ