Оффшорт 17 тэрбум ам.доллар байршуулсан эсэхийг батлах боломжгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-28 16:19:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

М.Оюунчимэг гишүүн төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байршуулсан эсэх асуудлаар Засгийн газрын тэргүүнд хандаж асуулга тавьсан. Уг асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өгөв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Иргэний нийгмийн байгууллагууд энэ тал дээр сайн ажилладаг. Харин манай хууль хяналтын байгууллагууд сул ажиллаад байна уу гэж харагддаг. Ойрын үед ямар ажил хийх төлөвлөгөө байна уу" хэмээн асуухад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Манай улс 28 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ялангуяа тэдгээр гэрээтэй улсуудтай оффшор бүсийн асуудлаар хамтарч ажиллана. Оффшортой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан хууль одоогоор "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдээгүй байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ бүртгэж хяналт явуулдаг. Гэхдээ яамны зүгээс хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлд боловсон хүчнээ бэлтгэхээр олон улсын байгууллагуудтай яриа хийж байгаа.

Манай улс нэг сарын хугацаанд 800 орчим тэрбум ам.долларын гадагш дотогш гүйлгээ хийдэг. Эдгээр гүйлгээг шалгах эрх зүйн орчны боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн олон улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах болно. Оффшортой холбоотой тодорхой мэдээлэл өгсөн хүмүүс, байгууллагатай хамтарч ажиллахад бид бэлэн” гэсэн хариуг өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Өнөөдрийн мэдээллийг харахад С.Баярцогтоос өөр хүний нэр гарсангүй. Эсвэл гадны мэдээлэлд автаж бие бие рүүгээ дайраад байна уу. Оффшор гэдэгт давуу тал байна уу. Энэ чиглэлээр судалж байгаа зүйл бий юу” гэсэн асуудлыг лавлахад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “УИХ-аас сая ХОМ мэдүүлдэг албан тушаалтнууд болон хамаарал бүхий иргэд оффшор бүсэд мөнгө байршуулах, данс эзэмших, компани байгуулахыг хориглосон хууль баталсан. Жирийн иргэд болон бизнесийнхэн оффшорт үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,“17 тэрбум ам.доллар гэдэг чинь бодит мэдээлэл мөн үү” гэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Оффшор бүсэд манай улсын 49 иргэний мэдээлэл бий гэж үздэг. Давхардсан байдлаар бол 29 иргэн байгаа юм. Үүнээс 20 нь төрийн албан хаагч байна. Эдгээр хүмүүсээс тайлбар авахад хөрөнгө оруулалт татах гээд оффшор бүсэд бүртгүүлсэн, компани байгуулсан гэсэн тайлбар өгсөн байсан. Одоо бол хууль гарсан тул компаниа татан буулгасан юм билээ. 17 тэрбум ам.долларын асуудлыг батлах боломжгүй. Оффшор бүс нь татвар маш бага, төрийн хүнд сурталгүй, нууцлал өндөр. Тиймээс мэдээлэл авах боломжгүй. Панама энэ мэдээллийг задалсан учраас нэр бүхий иргэдийн нэр ил гарсан байдаг. 2008 оны Ил тодын хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч татвараас чөлөөлөгдсөн. 2016 оны Ил тодын хуулиар 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч, 7,4 их наяд төгрөгийн татвар чөлөөлөгдсөн. Ингэхээр гадаадад гэхээсээ дотоодод маш их асуудал байна гэх үндэслэлтэй" хэмээв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Хууль бусаар оффшорт мөнгө нуусан байна гэсэн мэдээлэл ирвэл АТГ гүйцэтгэл хийх боломж бий юу” гэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Одоогийн хуулиар гадаад улсад гүйцэтгэл явуулах бол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд болон олон улсын гэрээний шугамаар шалгана гэж заасан. Гэвч одоогийн байдлаар бүрэн шалгалт хийх боломжгүй. Яагаад хэн ямар учраас 17 тэрбум ам.доллар гэсэн тоо гаргаж ирснийг мэдэхгүй" гэв.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд, “17 тэрбум ам.доллар гэдэг бол 41 их наяд төгрөг гэсэн үг. Манай улсын төсвийн жилийн орлого 7 их наядаас хэтрэхгүй. Үүнийг тооцохоор 6 жилийн төсвийн орлого хилийн гадна байх нь. Мөнгө нуусан байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгийг хэдхэн хүн гадагш гаргасан гэхэд үнэмшилгүй. Энэ тоог гаргаж ирсэн хүмүүс шүүхэд хандсан, нөгөө хүмүүс нь нэр төрөө сэргээлгэсэн тохиолдол гарсан уу" гэсэн асуултыг тавихад АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Оффшортой холбоотой гэж гүтгэлээ гэсэн 7 хүний асуудлыг шалгаад хэргийг хаасан. Өмнө нь оффшор бүсэд компани байгуулсан, хөрөнгө байршуулсан хүмүүсээс компаниа татан буулгалаа гээд бидэнд хандаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Оффшор бүсэд монголын баялгаас хумсалж нуусан хөрөнгө байгаа эсэхийг тодруулж, ялгаж салгах нь чухал. Монголын баялгаас нуусан төрийн албан хаагчдыг л нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Хэдий хүртэл Баярцогтыг мөлжих юм бэ. Бусад нэр бүхий хүмүүсийн асуудлыг гаргаж тавих хэрэгтэй” гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Миний нэр дурдагдаж байгаа учир би тайлбар хийе. Би 24 жил бизнес хийж, 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан. УИХ-д орж ирэхдээ дансаа хаагаад бүх асуудлаа цэгцэлсэн. Танай нам маш олон компанийг дээрэмдсэн. Тиймээс бизнесмэнүүд айхдаа мөнгөө гадагш гаргасан байх. Гадныхан ч хөрөнгө оруулахаа энэ үед зогсоосон.Та нар энэ үед зээл авч тоглосон. Оффшор гэж хэт туйлшрах хэрэггүй. Туйлширвал мөнгөө оруулж ирэхээс болгоомжилно. Нэр дурдагдсан хүмүүс ХОМ-ээ шинэчилж өгч, тайлбар өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Асуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авснаар өнөөдрийн мэдээллийн цаг өндөрлөв. Чуулганы хуралдаан одоо Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Б.Туул
 
Холбоотой мэдээ