Афганистаны мөргөлдөөнийг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-26 13:05:52

ТАШКЕНТ. /Sputnik/. Афганистаны байдлыг тогтворжуулах нь Төв Азийн орнууд бат бэх оршин тогтноход онцгой ач холбогдолтой хэмээн Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ясухиса Кавамура ням гарагт хэлсэн байна.

“Афганистаны тогтвортой байдал Төв Азийн тогтвортой байдалтай бүхэлдээ шууд хамаатай. Хүмүүнлэгийн болон техникийн туслалцааг хүргүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Япон улс тус бүс нутгийн байдлыг шийдвэрлэхэд оролцсоор байна” хэмээн Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтын дараа Кавамура мэдээлэв.

Хоёр тал мөн Төв Азийн улсууд, Японы хоорондын яриа хэлцээгээр дамжуулан бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохирсон байна.

Японы Ерөнхий сайдын Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсад айлчилж байна. Айлчлал аравдугаар сарын 27-нд дуусах юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ