Д.Трампын хүргэн ашиг сонирхлын зөрчилтэй юу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-27 11:24:05

НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнерийн гэр бүлийн “Kushner companies” компани алмас эрдэнийн бизнес эрхэлдэг Израилийн нэг баян чинээлэг гэр бүлээс 50 сая доллар зээлжээ. Тодруулбал, Гвиней улсын Засгийн газрын гишүүдэд их хэмжээний авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн мөрдөгдөж буй тэрбумтан Бени Штейнмец гэдэг хүнээс мөнгө зээлсэн тухай "New York Times" сонины лхагва гарагийн дугаарт бичсэн байна.

“Kushner companies” компани 2012 онд Манхэттений хамгийн баян дүүрэгт өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд гаргасан 190 сая доллароо хаанаас авсан гэдгээ тайлбарлахгүй байгаа аж. Тус сониныхон оффшор пүүсүүдийн нарийн сүлжээний учрыг олж чадсанаар 50 сая долларыг өдгөө 53 настай Раз Штейнмец гаргасан гэдгийг олж тогтоожээ. Түүний ах Бени Штейнмецийг Гвиней улсад ашигт малтмал олборлох салбарт олон тэрбумын гэрээ байгуулах зорилгоор тус улсын Засгийн газрын гишүүдэд хахууль өгсөн гэж Израиль, АНУ, Швейцарийн холбогдох байгууллагууд  сэжиглэж байгаа юм.

New York Times-ийн үзэж байгаагаар, эдгээр баримт нь Дональд Трампын ахлах зөвлөхийн хувьд  ашиг сонирхлын зөрчил үүсгэж магадгүй аж. Жаред Кушнер бол Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгчийн дараа орох нөлөө бүхий хоёрдахь албан тушаалтан мөн гэж тус сонин үзэж байна. Төрийн тэргүүний хүргэн нь Ойрхи Дорнодын бодлогын асуудлыг хариуцдаг ба энэ утгаараа тэрбээр Штейнмецийн ашиг сонирхлыг далдуур лоббидон дэмждэг байж магадгүй юм.

Өөр нэгэн баримтыг сонинд дурдсан байна. 3 дугаар сарын сүүлчээр Хятадын Anbang Insurance Group гэдэг даатгалын компани Ж.Кушнерын компаниас Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөнд байрладаг тэнгэр баганадсан өндөр барилгын нэг хэсгийг худалдаж авахаар хийж байсан хэлэлцээгээ зогсоожээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, энэ хэлэлцээ нь Конгрессын гишүүд, шинжээчдийн зүгээс шүүмжлэлд өртөх болжээ. Учир нь, “Anbang Insurance Group” Хятадын Коммунист намын хэд хэдэн гишүүдтэй нягт холбоотой аж.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нөхрийнхөө хамтаар “Tracy DC Real State” компанийн гурван давхар харшийг хөлслөн амьдардаг гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан юм. Тус компани нь Чилийн тэрбумтан Андроник Луксич-ийн эзэмшилд байдаг ба энэ хүн Америкийн эрх баригчидтай шүүхдэлцэж, Миннесота муж улсад зэс-никелийн ордод олборлолт хийх зөвшөөрлийг Д.Трампын засаг захиргаанаас олж авахаар хөөцөлдөж байгаа аж.
О.Барс 


 

 

 


Холбоотой мэдээ