Нислэг хааснаар Украин л хохирно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-26 11:09:47

МОСКВА. /Sputnik/. Орос-Украин хоорондын шууд нислэгийг хориглосноор Украин өөрийн иргэдийг л хохироож байна хэмээн Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлжээ.

Украин улс ням гарагаас эхлэн агаарын хилээ Оросын компаниудад хаасан юм. “Орос-Украин хоорондын бүх нислэгийг Украины Засгийн газар хориглосон байна. Киев ард түмнээ хохироож буй бас нэг том жишээ юм. Зорчигчдын дөрөвний гурав нь украинчууд  байдаг”  хэмээн тэрбээр өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Уг хориг нь жилд нэг сая орчим зорчигчийг хязгаарлаж, украинчуудад илүү хүндээр тусах юм. Хүчирхэг эдийн засагтай Оросоос ажил хайн голдуу шилжин суурьшигчид хоёр улсын хоорондын агаарын зорчигчдын 70 хувийг эзэлдэг гэж Оросын Тээврийн сайд Максим Соколов хэлжээ. Есдүгээр сард Орост авсан хориг арга хэмжээний нэг хэсэг болгож тус улсын агаарын тээврийн 25 компанийн онгоц нэвтрэхийг хориглоно гэсэн Украины Засгийн газрын мэдэгдэл уг зөрчлийн эхлэлийг тавьжээ.

Брюссельд болсон хэлэлцээний үеэр Украины Улсын агаарын тээврийн байгууллагын удирдлагад уг хоригоо цуцлахыг Оросын тал санал болгосон ч талууд харилцан тохиролцож чадаагүй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ