Каирт хэлэлцээ хийхийг Орост санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-26 00:23:48

ПАРИС. /RIA Novosti/. Сирийн байдлыг зохицуулахад хамтран ажиллах тухай хэлэлцээг Египетийн нийслэл Каир хотод хийх саналыг “Сирийн чөлөөт арми”-ийн төлөөлөгчид ОХУ-д илгээжээ. Энэ тухай Сирийн сөрөг хүчний улс төрийн болон цэргийн зарим удирдагчийг нэгтгэдэг “Үндэсний авралын бүлэг”-ийн зохицуулагч, “Сирийн чөлөөт арми”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Фахд аль-Масри мэдээлсэн байна.

"ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Богдановтой Парист уулзсаныхаа дараа би энэ тухай ярьсан. “Сирийн чөлөөт арми” ОХУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн байна. Өөрсдийн байр суурийг танилцуулахын тулд, бидний хамтарсан үйл ажиллагааг хэлэлцэхийн тулд шинээр уулзалт зохион байгуулах шаардлагатай. ОХУ “Сирийн чөлөөт арми”-д  ямар тусламж үзүүлж болох эсэх талаар бид хэлэлцээний явцад ерөнхий шийдэлд хүрэх боломжтой” гэж аль-Масри хэлжээ.

Түүний хэлснээр, “Сирийн чөлөөт арми” өндөр албан тушаалын төлөөлөгчдөө хэлэлцээнд илгээхэд бэлэн байна.

“Египетэд, Каирт уулзахыг санал болгосон боловч ямар хариуй аваагүй. Бид тодорхой хугацаа санал болгоогүй ч уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Оросын болон “Сирийн чөлөөт арми”-ийн, түүнчлэн тус улсын ард түмний ашиг сонирхолд энэ уулзалтыг аль болох хурдан зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

Сөрөг хүчний “Сирийн чөлөөт арми”-ийг ОХУ террорист бүлэглэлд тооцохгүй байгаа гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд нь мэдэгсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ