Орон нутагтаа уул уурхайн нэн хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-21 16:18:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговь аймаг нь ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөгийн арга хэмжээгээр эхлүүллээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуулийн үйл ажиллагааг сурталчилахаас гадна хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах, ШУТИС-ийн салбар сургуулийг тус аймагт бий болгох, аймгийн Засаг даргын дэргэд эрдмийн зөвлөлийг байгуулж хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ.
Тухайлбал энэ оны 9-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Политехник коллежийг түшиглэн магистр, докторантын сургалтуудыг зохион байгуулахаар болсон юм. Энэ мэт үе шаттайгаар ажлыг хэрэгжүүлж, ШУТИС-ийн салбар сургуулийг байгуулах ажээ.

Оюу толгой ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХК гэх мэт томоохон уул уурхайн компани Өмнөговь аймагт үйл ажиллага явуулдаг. Гэтэл тэдний ажилчдын дотор Өмнөговьчууд буюу орон нутгийн иргэд маш бага хувийг эзэлдэг. Орон нутгийн зүгээс үүнийг нэмэгдүүлэх улмаар 50-иас дээш хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлдэг байх бодлого баримтлан ажиллаж байна. Нутгийн иргэдийг уул уурхайн компаниудад давуу эрхтэйгээр ажилд оруулахын тулд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа юм.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ