Усны нөөц эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн төвийн багуудад усыг хайрлах, ундны усны аюулгүй байдал, усны зөв хэрэглээг сурталчилсан өдөрлөг боллоо. Энэ үеэр аймгийн “Амь-ус”трейд ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Г.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу? Улиастай сумыг цэвэр усаар хангадаг танай байгууллагын мэдээллийг сая сонслоо. Улиастай сумд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг гэж байгуулагдсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Улиастай сумын Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг 2015 оны 01-р сарын 26-30 хооронд Дэлхийн зөн Олон Улсын байгууллагаас санаачлан Сэлэнгэ аймагт зохион байгуулсан сургалтаас эхтэй. Энэ сургалтын үеэр оролцогчдын санал хүсэлт, эрмэлзлэлээр Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг байгуулагдсан. Завхан аймгийн Засаг даргын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А/33 захирамжаар 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
-Улиастай сумын Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг яг ямар ажил хийдэг вэ?
-Баг маань байгуулагдаад Улиастай сумын усан хангамжийн тогтолцооны зураглал гаргасан. Мөн Улиастай сумын усан хангамжийн системд эрсдлийн үнэлгээ хийсэн бөгөөд эрсдлийг эрэмбэллээ. Мөн усны аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд аймгийн цэвэр ус түгээх байрны төмөр/лист/ усны савнуудыг стандартын хуванцар саваар сольж, эрүүл ахуйн хамгаалалтын бүстэй болгох, 2-р өргөлтийн дээврийг шувуу нуруутай болгох, 2-р өргөлтийн станцыг камержуулах зэрэг ажлуудыг хийгээд байгаа. Түүнчлэн ус түгээх байрыг хамгаалалтын хайстай болгож ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зааг болон хамгаалалтын бүсийн талаар БОАЖЯамнаас дүгнэлт гаргуулаад байгаа. Ус түгээх байрны 1-р өргөлтийн гүний худагт мөн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож өгсөн байгаа. Дотоодын хяналтын лабораторийг шинээр байгуулж эхний ээлжинд химийн шинжилгээний багажуудыг суурилуулаад байгаа. Цэвэр ус түгээх 1 ба 2-р өргөлтийн хоорондох нэг км хос цэвэр усны ф250мм шугамыг шинээр сольсон гээд байгуулагдсанаас хойш хугацаанд чамгүй ажлыг шат дараатай хийгээд байна.
-Энэ жил Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Энэ жил Улиастай сумын усны нөөц эх үүсвэрийг тэмдэгжүүлж хайс хамгаалалттай болгох, дэлхийн усны өдрийг иргэдийн дунд нээлттэй өдөрлөг маягаар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Энэ хүрээнд Улиастай сумын зургаан багт тодорхой хуваарийн дагуу ундны ус нөөцлөх савыг зөв сонгож хэрэглэхийг иргэдэд уриалж мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, сурталчилгааг хийгээд эхэлсэн явж байна. Дотоодын хяналтын лабораторийн ажлыг эрчимжүүлэх, хоёр эх үүсвэрт халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж тавих, ус түгээх байрыг шинээр хэд хэдэн газар барихаар төлөвлөсөн байна. Чигэстэй, Жаргалантын булгийн эхийг хайс хамгаалалттай болгох, Улиастай сумын Баазын хэсэгт цэвэр, бохир усны шугамын хэрэглээг нэмэгдүүлэх, эх үүсвэрийн ойролцоох гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах зураг төсвийг хийлгэж байна. Мөн усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээн дээрх газар олголтын үйл ажиллагаанд манай баг хяналт тавьж ажиллаж байгаа. Ус хэрэглэгч ашиглагчдыг тоолууржуулах, иргэдийн ус, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах сургалтыг үе шаттай зохион байгуулах ажлыг сар бүр хийхээр төлөвлөсөн гээд олон ажил байна.
-Улиастай сумын усны нөөц эх үүсвэр нь хаана байдаг юм бэ?
-Улиастай сумын усны эх үүсвэр, нөөц Богдын гол багийн нутаг дэвсгэрт бий. Ер нь ундны цэвэр усны нөөц эх үүсвэрийн судалгааг 1983 онд төвлөрсөн усан хангамжид зориулан Богдын голын хөндийд хотоос дээш нэг километр орчимд газар доорх цэнгэг усны гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж усны нөөцийг тогтоосон байдаг. Түүний дараа 2008 онд баталгаажуулах хайгуул судалгааны ажил хийгдэж яг одоогийн эх үүсвэрийг тогтоосон байгаа.
Усны эх үүсвэрийн хамгаалалт хэр байгаа вэ?
-Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс нь Усны тухай хуульд заасны дагуу энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүстэй байх ёстой. Энэ жил Улиастай сумын усны нөөц эх үүсвэрийг дахин тогтоож, тэмдэглүүлж, хайс хамгаалалттай болгох ажлыг хийнэ. Ундны усны нөөцөө хамгаалж бохирдуулахгүй байх нь Улиастайчууд бидний иргэн бүрийн анхаарах асуудал юм. Нэн ялангуяа аймгийн газрын алба, Улиастай сумын газрын алба онцгой анхаарах ёстой. Газар олголтыг нөөц эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд болон шугам сүлжээ бүхий газар олгохгүй байх онц шаардлагатай байна. Энэ тал дээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн манай Улиастай сумын иргэд ундны усыг хэмнэлттэй, зөв зохистой хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Тэгж гэмээнэ бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ усаа бохирдолгүй, нөөцийг нь хомсдуулахгүйгээр олон жил ашиглах боломжтой болно.
Б.Мягмарсүрэн