ОУВС-гаас тусламж авахад шаардлагатай бүх нөхцлийг Монгол Улс хангаж чадлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-21 08:48:47
НЬЮ-ЙОРК./Bloomberg/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ 5.5 тэрбум долларын тусламжийн хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай урьдчилсан нөхцлүүдийг Монгол Улс биелүүллээ. Тус улс тусламжийн мөнгөний эхний хэсгийг энэ сарын сүүлчээр хүлээн авах юм.

ОУВС-гийн тусламжийн багцад хамрагдахын тулд биелүүлэх шаардлагатай урьдчилсан нөхцлүүдийг бүгдийг нь Монгол Улс хангаж чадсан гэж тус сангийн Монголын нийслэл Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгч Нил Сакер лхагва гарагт мэдэгдэв.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурч, хөрөнгө оруулагчид болон Монголын Засгийн газрын хооронд маргаан үүссэний улмаас нэгэн үе эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан тус улс хямралд орсон юм. 2011 онд 17 хувьтай гарч байсан тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд ердөө 1 хувьтай гарсан билээ. Энэ онд тус улсын эдийн  засаг 0.2 хувиар өснө гэж Дэлхийн банк урьдчилан таамаглаж байна.

ОУВС 10 жилийн хугацаанд буцаан төлөх 425 сая долларыг Монголд зээлдүүлэх бол Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Япон болон Солонгос зэрэг бусад хандивлагчид 3 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох юм.

ОУВС Монголд зээл олгох хэлэлцээр байгуулсан тухай мэдээлэл энэ оны хоёрдугаар сард цацагдсан нь тус улсын Засгийн газарт БНХАУ-тай байгуулсан 15 тэрбум юанийн своп солилцооны хэлэлцээрээ гурван жилээр сунгах боломжийг олгосон билээ.

ОУВС-гийн тусламжийн мөнгийг төлбөрийн тэнцлийг сайжруулахад ашиглана гэж Н.Сакер хэлээд “харин хандивлагчдын мөнгийг өнгөрсөн онд ДНБ-ий 17 хувьд хүрсэн төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулах болно” гэв. Төсвийн алдагдлыг энэ онд ДНБ-ий 11 хувь, 2020 он гэхэд 4 хувь болгож бууруулахыг зорьж байгаа аж.

Н.Сакер хэлэхдээ “бага хүүтэйгээр олгох зээл нь өрийн хямралаас гарч, зах зээл дэх итгэлийг сэргээхэд тус дөхөм болно. Мөн банкуудыг бэхжүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулж, ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” гэв.

ОУВС тусламжийн хөтөлбөрийн хэрэгжилт болон хэр зэрэг ахиц дэвшил гарч байгааг гурван сар тутамд хянаж, ахиц дэвшил гарсан тохиолдолд тусламжийн мөнгөний дараагийн багцыг шилжүүлж байх аж.

“Гашуун” эм

Тамхи, тээврийн хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулах татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Монголын парламент баталсан. Мөн татвар төлөгчид болон компаниудын төлөх нийгмийн даатгалын хэмжээг өсгөхөөр болсон билээ.

“ОУВС-гийн эм нь ард түмэнд гашуун мэт санагдаж байж болох ч эдийн засгаа аврахын тулд “нийтлэг бус” эдгээр арга хэмжээнүүдийг авахаас өөр аргагүй” гэж МУИС-ийн эдийн засагч Ч.Хашчулуун хэлээд “өмнө нь Засгийн газар мөнгө, хувьцаа тараах, татвар бууруулах зэрэг популист алхмуудыг л хийдэг байсан” гэлээ.

Эрх баригч МАН засгийн газрын зардал, түүний дотор төрийн мэдлийн компаниудын захирлуудын цалинг 30-60 хувиар бууруулсан юм.

Монголын зах зээл энэ өөрчлөлтийг таатай хүлээн авч байна. Тухайлбал, гуравдугаар сарын 1-нээс хойш монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.5 хувиар өсчээ.

Монголын ДНБ-ий өсөлт 2019 онд 8 хувьтай гарна гэж ОУВС урьдчилан таамаглаж байна. Тус сангийн мэдэгдсэнээр, Монголын гадаад валютын нөөц хөтөлбөр дуусах үед 2012 оны үеийн хэмжээнд дөхөж очин 3.8 тэрбум долларт хүрэх бололтой.

Нүүрсний үнэ

ОУВС-гийн тусламжийн хөтөлбөртэй, хөтөлбөргүй Монголын хувь заяа нүүрсний өндөр үнээс шалтгаалах болно. Энэ оны эхний гурван сард Монгол Улс 81 сая тонн буюу 541.3 сая долларын нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 446 хувиар өссөн үзүүлэлт  юм. Монголын экспортын орлого энэ оны эхний улиралд 1.3 тэрбум долларт хүрч, 36 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын “Aluminum” корпорациас авсан 350 сая долларын зээлээ төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани төлж дууссанаар нүүрсний экспорт эрс нэмэгдсэн юм. /2017.04.20/

/https://www.bloomberg.com/news/articles/2017-04-20/hollywood-has-1-4-billion-reasons-to-try-to-play-nice-with-china/
 
 Г.Доржханд
 
Холбоотой мэдээ