Сэлэнгэ аймагт “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-20 12:55:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаараа аймгийн баталлаа. Уг хөтөлбөр батлагдсанаар хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдан гарахаас гадна гудамж талбайг цэгцлэн, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.  
Цаашлаад инженерийн шугам сүлжээ, зам талбай байгуулж, хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд иргэд, айл өрх, ААНБайгууллагууд, хөршүүд хамтарч ажиллан орчин тойрноо хайрлан хамгаалдаг, зөв хандлагатай болох ажээ. Дээрх үр дүнд хүрэхийн тулд төрийн байгууллагын зүгээс бодлого зохицуулалтын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах аж. Хөтөлбөрийн хэрэгжих явцад дээрх ололтуудаас гадна авто зам, авто зогсоолын тоо хэмжээ нэмэгдэж, гэрэлтүүлэгтэй гудамж, ногоон байгууламж бий болохоос гадна хүрээлэн буй орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх гэнэ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх энэхүү “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх, ард иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэн зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс аймгийн Засаг даргад үүрэг болголоо.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ