Гадны банкууд орж ирснээр валютын урсгал нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-20 12:32:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн дөрвөн сарын өмнө өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадны банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нээхээ тусгасан. Ингэхдээ иргэдийн хадгаламжийг авахгүй, зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байхаар хуульчилсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Даяарчлалын эринд энэхүү арга хэмжээг авах нь зөв. Гэхдээ жижиг дунд бизнест хэр нээлттэй байх бол. Хоёрдугаарт валютын ханшинд сайн нөлөө үзүүлнэ гэсэн байна. Ямар нөлөө үзүүлэх бол. Гуравдугаарт том төсөл хэрэгжүүлэх юм бол том барьцаа шаардах байх. Ашигт малтмалын лицензүүд барьцаанд тавигдах байх гэж хүмүүс ярьж байгаа. Эргээд лицензээ суллаж авч чадалгүй олон улсын зах зээл дээр зарагдах юм биш биз. Оюутолгойн мөнгө Монголоос гадуур гарчихаад байна гэдэг. Гадны банк Монголд орж ирвэл мөнгө нь эндээ байршина гэжээ. Энэ хэр үнэнд ойр вэ” гэсэн асуудлыг тодруулсан.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан эл асуултад, “Манай банкуудын хөрөнгө 100 тэрбумаас дээш гардаггүй. Гадны банк орж ирвэл түүнээс дээшхи хөрөнгө орж ирэх юм. Жижиг дунд үйлдвэрлэл рүү шууд тэдний мөнгө орохгүй. Тэгвэл манай банкны салбарын үйл ажиллагаанд хүндрэл үүснэ. Үүний оронд банкуудаар дамжуулж жижиг дунд үйлдвэрлэл рүү санхүүжилт өгч болно. Валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлнэ. Барьцаа хөрөнгийн асуудал бол санаа зовох асуудал мөн. Бид гадаадад байдаг банкуудад барьцаа тавьж мөнгө босгох уу, эсвэл Төвбанкны хяналтад байгаа гадны банкинд барьцаа тавьж хөрөнгө татах уу гэсэн сонголт бий болж байгаа хэрэг. Оюутолгой гэлтгүй, 2000 оноос хойшхи хугацаанд мега төслийн мөнгө манай зах зээлийн гадуур явж өнгөрсөн. Миний тооцоолсноор бол, 8 тэрбум ам.доллараас давсан урсгал манай улсаас гадуур явсан. хууль баталснаар мега төслийн мөнгө Монголоор дамжих бололцоо үүснэ” гэсэн тайлбар хийв. 
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Олон улсын жишигт гадны банкийг өөрийнхөө хөрөнгө оруулж чадахгүй байгаа хэсэг рүү чиглүүлэх байдлаар оруулж ирдэг. Хууль гарснаар шууд гадны банк орж ирэх нь" гэхэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Хууль гарлаа гээд гадны банк манай руу шуураад ороод ирэхгүй. Бид хууль эрх зүйн орчноо таатай болгосон гэдгээ зарлах нь хамгийн чухал мессеж. Гадны шинэ технологи техникийг оруулж ирье гэвэл энэ хуулийг бид батлах ёстой" хэмээн хариуллаа. 
 
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Хуулийн төслийг харахад 80 орчим нь банкны тухай хуулийн заалтуудтай давхцаж байна. Тиймээс бие даасан хуулиар бус, Банкны тухай хуулиар гадны банкийг оруулж ирэх зохицуулалтаа хийвэл ямар вэ. Өнөөдөр манай улсад хэдэн гадны банкны Төлөөлөгчийн газар ажиллаж байна вэ. Хууль баталснаар хэд нь манай руу үйл ажиллагаагаа явуулахаар орж ирэх вэ” гэсэн асуудлыг лавлахад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай гэсэн хоёр хууль өнөөдөр үйлчилж байна Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг оруулж ирсэн. Өнөөдөр гадны 5 төлөөлөгчийн газар байна. Гэхдээ одоогоор танай эдийн засаг бидний сонирхлыг татахгүй байна гэсэн хариу өгч байгаа. Цаашдаа эдийн засаг сайжрахад бид эрх зүйн орчноо бүрдүүлсэн байх нь чухал” гэв.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Банкны системийн өрсөлдөөн буурсан гэсэн хэрнээ арилжааны банкуудын ашиг нэмэгдсэн. Энэ хуулиар бол одоогийн ажиллах банкууд хөрөнгө оруулалтын банк байх ёстой. Гэтэл хуулийн төсөл дээр арилжааны банкны чиглэлийн заалтууд байна. Тиймээс төслийг сайжруулах хэрэгтэй. Дэмжиж байна" гэсэн юм.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 81.4 хувь дэмжлээ. 
Б.Туул
Холбоотой мэдээ