БНПАУ-ын үед ажиллаж байсан тагнуулын ажилтнуудын нэрсийг нийтэд ил болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАРШАВ. /TASS/. БНПАУ-ын үед ажиллаж байсан 1000 орчим тагнуулын офицерууд, тагнуулчдын нэрсийг Польшийн Үндэсний ой санамжийн хүрээлэнгийн каталогоос олон нийт үзэх боломжтой болжээ. Энэ тухай мягмар гарагт “Gazeta Wyborcza”-д мэдээллээ.
“Гадаадын тусгай албадынхан ширээнийхээ араас өндийлгүйгээр манай тагнуулчдыг таньж, дараа нь тэдний хилийн чанад дахь холбоо сүлбээг илрүүлэх боломжтой боллоо" гэж тус сонинд бичжээ.
Дээрх каталогт тагнуулчдын жинхэнэ нэрүүд болон нууц нэрүүд байгаа ажээ. “Энэ бол маш том дуулиан. Эдгээр хүмүүсээс цөөнгүй нь одоо амьд сэрүүн байгаа, тийм болохоор Польш улс тэднээс зүгээр л урвачихлаа” хэмээн тагнуулын офицер байсан хүн ярьсныг тус сонин иш татжээ.
Польшийн дотоодын аюулгүй байдал, тагнуулын агентлагийн тухай хуулиар тагнуулын ажилтнуудын талаарх мэдээлэл нууц байх ёстой. Харин дээрх 1000 орчим ажилтнууд 1989 оноос өмнө алба байсан учраас тэдний нэрсийг олон нийтэд ил болгосон жагсаалтанд оруулжээ. Тэдний нэрс Үндэсний ой санамжийн хүрээлэнгийн тухай хууль батлагдсанаар нийтэд ил болж, БНПУ-ын тусгай албадын материалууд нууцын зэрэглэлээс хасагдсан байна. Тухайлбал, 2010 оны 4 дүгээр сарын 10-нд Смоленскын ойролцоо нисэх онгоцны ослоор амиа алдсан Польшийн ГХЯ-ны протоколын албаны дарга Мариуш Казан тагнуулын офицер байсан тухай мэдээлэл бий. Польшийг НАТО-д элсүүлэх үйл явцад оролцож байсан томоохон албан тушаалтнуудын нэг болох Ярослав Сконечка мөн адил тагнуул байжээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө НАТО-гийн гуравдагч орнуудтай харилцах асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоо НАТО-гийн харьяа байгууллагад шилжин ажиллаж байгаа аж. Мөн дээрх каталогт 1990-ээд оны үед Ливи болон Ливанд амиа алдсан Польшийн хоёр офицерийн нэр байна.
О.Барс