Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-19 11:07:32
ЛОНДОН. /ВВС/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ оны зургадугаар сарын 8-нд ээлжит бус бүх нийтийн сонгууль явуулахаар төлөвлөж байна.
 
Энэ тухайгаа Т.Мэй өчигдөр засгийн газрын ордонд мэдэгдэл хийх үеэрээ зарлажээ. Бүх нийтийн сонгуулийг анх 2020 онд хийхээр төлөвлөж байсан юм.

Т.Мэй хэлэхдээ “Европын Холбооноос гарах засгийн газрын төлөвлөгөө бол үндэсний ашиг сонирхол. Гэтэл улс төрийн бусад нам энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Бид хагаралдаж хуваагдахын оронд Уэстминстерт энд нэгдэх хэрэгтэй байна” гээд парламент дахь сөрөг хүчнийг шүүмжилжээ.

Их Британийн парламентын гишүүдийн гуравны хоёр хувь нь дэмжсэн тохиолдолд ээлжит бус сонгууль явуулах санал батлагдах аж. Энэ саналыг тус улсын парламентын гишүүд өнөөдрөөс авч хэлэлцэж эхэлнэ.

Тус улсын гол сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин Ерөнхий сайд Т.Мэйгийн гаргасан шийдвэрийг дэмжин хүлээн авчээ.

Олон нийтийн дунд явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 50 хувь нь Т.Мэйг дэмжиж байгаа бол ердөө 14 хувь нь Ж.Корбиныг дэмжиж байна.

Бүх нийтийн сонгууль явуулсан тохиолдолд Т.Мэйгийн удирдсан эрх баригч Консерватив нам ялах магадлал өндөр байна.
 
Өнгөрсөн онд явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ихэнх нь Их Британийг ЕХ-ноос гаргахыг дэмжсэний дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн хүсэлтээр огцорч, Т.Мэй засгийн газрын тэргүүн болсон билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ