Путины нэр хүнд түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-23 16:48:47

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ажлыг сайшаан дэмжигчдийн тоо түүхэн дээд үзүүлэлт хүрч, бараг 90 хувьтай байгааг Бүх Оросын санаа бодлыг судлах төвийн /БОСБСТ/ олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Путины ажлыг сайшаан дэмжигчдийн тоо 89.9 хувьд хүрч, шинэ дээд амжилт тогтоожээ. Энэ оны зургадугаар сард явуулсан санал асуулгаар түүнд оролцогчдын 89.1 хувь нь Путиныг дэмжиж байв.

БОСБСТ-ийн шинжээчдийн үзэж буйгаар, “Путины нэр хүнд ийм өндөр түвшинд хүрч өссөн нь эн түрүүнд Оросын Агаарын цэргийн хүчин Сири дэх террористуудын байрлалд цохилт өгч буй үйл явдалтай холбоотой байна”. Санал асуулгад оролцогсдын 26 хувь нь энэ ажиллагааг өнгөрсөн долоо хоногуудад болсон гол үйл явдал гэж үзжээ.

Оросын төрийн тэргүүний ажлыг дэмжигчдийн тоо бүтэн хагас жил гаруй 80 хувь давсан үзүүлэлттэй байгааг нийгэм судлаачид мөн дурдсан байна. “Путины нэр хүнд 2014 оны хавраас эхлэн Крым болон Севастополийг ОХУ-д эргэн нэгтгэх үйл явдал болох үеэр өсч эхэлсэн. 2014 оны гуравдугаар сард Путины нэр хүнд 76.2 хувь, дөрөвдүгээр сард 82.2 хувь, тавдугаар сард 86.2 хувьтай байсан” гэж тус төвийн цахим хуудсанд дурджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ