НҮБ-ын төв байранд цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг суурилуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-04-17 16:35:35

НҮБ./TASS/. НҮБ сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцож байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт тус байгууллага Нью-Йорк дахь төв байрандаа цахилгаан машин цэнэглэх тусгай станцуудыг суурилуулжээ. Ингэснээр тус байгууллагын ажилтнууд, дипломатууд ажлын өдрийн туршид машины маркаас хамааран 100 ба түүнээс дээш км явахад хүрэлцэхүйцээр автомашинаа цэнэглэх боломжтой болж байгаа юм.

Нээлтийн ёслолын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питер Томсон хэлэхдээ “НҮБ-ын төв байранд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулж байгаа нь жижиг ч гэсэн зөв чиглэлд явж буй чухал алхмуудын нэг юм. НҮБ-ын автомашинууд экологийн хувьд цэвэр болох цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

НҮБ-ын статистик мэдээлэлд дурдсанаар, цахилгаан, гибрид машины зах зээл жил бүр 33 хувиар өсч байгаа аж.

Энэхүү цэнэглэх төхөөрөмж нь бүх төрлийн цахилгаан машин, мөн гибрид хүч дамжуулах системтэй, цахилгаан хэлхээнд залгадаг залгуур бүхий гибрид машинуудыг цэнэглэх боломжтой юм.

Оффисын барилгад цахилгаан машинаа цэнэглэх боломжтой тохиолдолд хүмүүс цахилгаан машин хэрэглэх нь 20 дахин ихэсдэг тухай судлаачдын гаргасан тоон мэдээлэл бий.

НҮБ-ын төв байранд 2014 онд их засвар хийсэн бөгөөд уг барилга дэлхий дээрх эрчим хүчний хамгийн хэмнэлттэй барилгад тооцогддог бөгөөд цахилгаан эрчим хүчээ зөвхөн нүүрстөрөгчийн бага агууламжтай болон нөхөн сэргээгдэх эх үүсвэрүүдээс авдаг байна. 
О.Барс 

 


Холбоотой мэдээ