Архангай аймгийн математикийн шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-17 15:55:48
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн бүх ЕБ-ын сургуулийн математикийн бага, дунд ангийн багш, сурагчид, математик сонирхогчид оролцдог “Стандарт” математикийн олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Жил бүр аймгийнхаа аль нэг математикийн багш нарын нэрэмжит болдог тус олимпиад нь энэ жил Монгол Улсын гавьяат багш Д.Ганболдын нэрэмжит боллоо. Олимпиадаар дамжуулан математикийн хичээлийн аймгийн шилдэг сурагчдыг шалгаруулдаг онцлогтой.

“Стандарт-6” математикийн олимпиадад аймгийн хэмжээний бүх сургуулийн 1-12 ангийн 3000 гаруй сурагч, багш нар оролцож, 300-аад сурагч алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин шавь нар нь хамгийн олон медаль авсан шилдэг багшаар 1-р сургуулийн математикийн багш Д.Эрдэнэцэцэг шалгарсан байна.

“Математикийн стандарт олимпиадууд явагдаж эхэлснээс хойш хүүхдүүдийн математик мэдлэг нэмэгдэж, жил ирэх тусам чанар дээшилж байгаа нь харагддаг. Математикт сайн хүүхдүүд бусад хичээлүүддээ ч сайн болсон үр дүн гарсан. Математик бол хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, аливаа зүйлийг олон талаас харах чадвартай болгодогоороо давуу талтай юм. Тийм ч учраас бүх шинжлэх ухааны хаан юм” хэмээн гавьяат багш Д.Ганболд онцолж байлаа.

Тус олимпиадыг 2012 онд 1-р сургуулийн Өлзийсайхан багштай 10б ангийнхан анх зохион байгуулснаас хойш жил бүр зохиож байгаа юм. Оролцох сурагчид ч жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ