“Хөгжлийн түүчээ” аян Шарын гол сумаас эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 22:30:31
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул  аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас өрнүүлсэн “Хөгжлийн түүчээ” аян Шарын гол сумаас эхлэв. Гэр бүл, хүүхэд, залуучуудад шинэ хууль тогтоомжийг сурталчлах уг аяны Шарын гол суманд болсон өдөрлөгт аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Амарсанаа болон аймаг, сумын хүүхдийн зөвлөлийн гишүүд оролцлоо. 
Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа: “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ аян эхэлж байна” гэв. Аймгийн ГБХЗХГ-ын дарга н.Амгалан: “Аяны хугацаанд “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн сургалт зохион байгуулна. Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж “Монголын тогоочдын холбоо”-ны Дархан салбартай хамтарч хүүхэд харагч, ЕБС, СӨБ-ын багш, тогооч нарт “Хүүхдийн хоолны технологи” сургалт явуулна. Мөн “Залуучуудын хөгжлийн төв”-өөс ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Зорилго тэмүүлэлтэй залуу нас” кино хэлэлцүүлэг зохион байгуулж Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дархан дахь салбартай хамтарч “Уламжлалт ба орчин цагийн гэр бүл төлөвлөлт” сэдвээр лектор Д.Дэмбэрэлмаа олон нийтэд лекц уншина. Аяны хүрээнд “Сумын Хүүхдийн төлөө зөвлөл-Хүүхдийн оролцоо” теле уулзалт, Шарын гол сумын залуучуудын байгууллагатай хамтарсан “Залуучуудын теле уулзалт” телевизийн нэвтрүүлэг хийж гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар иргэд, хүүхдийг хүлээн авч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн “Х масс” продакшны уран бүтээлчдийн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна” гэв. 
Аянд тус сумын хүүхэд өсвөр үе, залуучууд, гэр бүл, ахмад настан нийт 400 гаруй хүнийг оролцуулж 140 хүнээс санал асуумж авчээ.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ