Албадан тусгаарласан гэж Нью-Жерсигийн эрх баригчдыг шүүхэд өгчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-23 15:15:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Кэси Хикокс гэдэг сувилагч эмэгтэй Америкийн Нью-Жерси муж улсын эрх баригчдыг Сьерра-Леон улсаас ирснийх нь дараа хэдэн өдөр албадан тусгаарласан гэж шүүхэд өгчээ. Холбогдох гомдлыг Хикоксын өмгөөлөгч тус муж улсын засаг захиргаа болон захирагч Крис Кристигийн эсрэг Ньюарк хотын шүүхэд пүрэв гарагт өгсөн байна. 

34 настай сувилагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын шугамаар Сьерра-Леон улсад “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд туслаж байгаад эх орондоо буцаж ирэхэд нь дараа тусгаарласан аж.

Ньюарк хотын нисэх онгоцны буудалд буусных нь дараа хэдийгээр “Эбола” вирусийн халдвар авсан ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч түүнийг шууд тусгаарласан байна. Хэдэн цаг өнгөрсний дараа Хикокс халуурсан боловч шинжилгээ хийхэд түүнээс аюултай вирус илрээгүй аж.

Сувилагч эмэгтэй Нью-Жерси муж улсын эрх баригчдын үйл ажиллагааг эрс буруушааж, албадан тусгаарласан нь өөрийнх нь эрхийг зөрчсөн хэрэг гэж мэдэгдсэн байна.

“Эбола”-гийн халдвар тархсан Баруун Африкийн орнуудад ажиллаж байгаад буцаж ирсэн эмнэлгийн ажилтнуудыг заавал тусгаарлах арга хэмжээг Нью-Жерси, Нью-Йорк, Иллинойс болон Калифорни муж улсад авчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ