Ц.Элбэгдорж: Олон нийтийн бүтээлч санаачлагуудыг дэмжиж амьдралд хэрэгжүүлэх нь чухал
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.
Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу илтгэлүүд тавив.
Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батжав “Хот байгуулалтын бодит байдал” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутагт төлөвлөлт, зохион байгуулалт хийх замаар агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулна хэмээн онцлов. Мөн Доктор, профессор Ц.Цэдэвдамбын “”Монгол өргөө” төсөл, “Эй Ди Ти” компанийн захирал Т.Зая “Цэвэр агаарын БАЯНБҮРД” төхөөрөмжийн талаарх танилцуулга олны анхаарлыг татсан юм. Баянбүрд төхөөрөмж нь бохир агаарыг сорж ионжуулан цэвэршүүлдэг бөгөөд ойр орчмын 10 мянган ам. метр талбайн агаарыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Мөн үеэр “Монгол гэрийн цахилгаан тулга”, устөрөгчийн генератороор түлшийг шийдэх арга зам гээд агаарын бохирдлыг бууруулах боломжтой шинэ шийдлүүдийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Өнөөдрийн тавьсан илтгэлүүдээс ажил хэрэг болгох санаа маш их байна. Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ дэглэмээ маш сайн барина. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын нойлын асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавьсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллана” гэсэн юм.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Олон сайхан бодит ажил болж болохуйц илтгэлүүдийг тавилаа. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад санаа зовниж, сэтгэл гарган ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье. Энэ чиглэлээр хийх гэж буй ажил, төсөл хөтөлбөрүүдтэй БОАЖЯ хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг чухал асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх ажил нь богино хугацаанд нэг шийдлээр шийдэгдэх асуудал биш гэж бодож байна. Олон арга хэлбэрүүдийг тууштайгаар төр захиргааны байгууллагын зохицуулалт, оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Бид агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг санаа зовниж явдаг гэж бодож байна. БОАЖЯ та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг дахин хэлмээр байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн уулзалт үр ашигтай бие биендээ чухал мэдээллийг өглөө. Гол нь уулзалтаар ярьсан асуудалд ахиц дэвшил гарч, бодит ажил болох ёстой. Өнөөдөр танилцуулсан зарим үйлдвэрт өөрийн биеэр очиж танилцах хэрэгтэй гэж бодлоо. Олон нийтийн бүтээлч сайн санаачлагыг дэмжиж амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн амьдарч байгаа учир бохир гарах нь тодорхой. Үүнийг бизнес гэж харах нь чухал. “Соёлын довтлогоо-2” аян хэмээн нэрлэж эхлүүлэх хэрэгтэй” хэмээн тодотгосон юм.
Холбоотой мэдээ

